“Бэлчээрийн эрхзүйн орчинг боловсронгуй болгох нь” бага хурал 2010 он
Монголын Бэлчээрийн Менежментийн Холбооноос санаачлан “Бэлчээрийн эрхзүйн орчинг боловсронгуй болгох асуудалд” сэдэвт бага хурлыг УИХ-ын Байгаль орчин, Хүнс, Хөдөө Аж Ахуйн байнгын хороо, Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам, “Тогтвортой Амьжиргаа 2”, ”Ногоон Алт”, “Хот орчмын бэлчээрийн” төсөлтэй хамтран 2010 оны 10 дугаар сарын 21-нд Улаанбаатар хотноо төрийн ордонд зохион байгуулав. Бага хуралд 21 аймгийн малчид, төрийн ба ТББ-ын төлөөлөл 500 орчим төлөөлөгчид оролцлоо.
Монгол орны бэлчээрийн төлөв байдал, даац жилээс жилд доройтсоор манай улсын эдийн засаг, нийгмийн тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлж байна. Мал хувийн эзэмшилд, бэлчээр төрийн мэдэлд байгаагаас бэлчээрийг дур зоргоороо, эмх замбараагүй ашиглаж буй байдал нь энэхүү доройтолд нөлөөлж байгааг сүүлийн үеийн судалгаа нотолж буй.
Бэлчээрийн зохион байгуулалт туйлын хангалтгүй, төрөөс энэ талаар нэгдсэн бодлого, шийдвэр гаргаагүй байгаа нь нөхөн сэргээгддэг байгалийн үнэт их баялаг “БЭЛЧЭЭР” талхлагдаж дахин сэргэхгүй болтол доройтоход хүргэж байна. Малчны өөрийгөө удирдах байгууллагын тогтолцоог бий болгон бэхжүүлж бэлчээрийг эзэнтэй болгон бэлчээр зохион байгуулалтын асуудлыг оновчтой шийдвэрлэхэд бие даасан хууль гаргах зайлшгүй шаардлагатай байгаа учраас УИХ-д өргөн баригдсан Бэлчээрийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэх, цаашлаад батлах амин чухал шаардлагатай гэдэг дээр хуралд оролцсон төлөөлөгчид санал нэгдэж байлаа.
Бага хурлаас бэлчээрийн талаар баримтлах төрийн бодлогыг тодорхой болгох, малчдын өөрийгөө удирдах байгууллагын тогтолцоог бүрдүүлэхэд чиглэгдсэн “Малчдын талаар төрөөс баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох, өргөн баригдсан хуулийн үзэл санаа, заалтуудыг хэлэлцэн ашиглагчдын санал, бодлыг тусгахаар хэлэлцүүлэг зохион байгуулж зөвлөмж гаргалаа.
Хуралд оролцогчид бэлчээрийн талаар төрөөс баримтлах зарчим, бэлчээрийн ангилал, хил зааг, эзэмших ашиглах эрх, малчдын өөрөө удирдах байгууллага, түүний эрх хэмжээ, бэлчээрийн төлбөр, урамшуулал болон хариуцлагын тогтолцоог нарийвчлан зохицуулах шаардлагатай гэсэн санал гаргаж, зөвлөмж боловсруулан хуулийн төсөл санаачлагчдад хүргүүлэв.
Монгол орны хөдөөгийн хөгжлийг дэмжих, байгалийн нөөцийг тогтвортой ашиглах, бэлчээр хамгаалах, газрын тогтвортой менежмент бүрдүүлэх, цөлжилтийг бууруулахад чиглэлээр төрийн оновчтой бодлого, шийдвэр гаргах, малчдын сайн дурын байгууллагын оролцоог бодлого, төлөвлөлтөд нэмэгдүүлэхэд уг бага хурлаас гарсан зөвлөмж ихээхэн ач холбогдолтой юм.