Ногоон Алт цэс

Бэлчээрийн эрүүл мэндийн үндэсний сүлжээг бэхжүүлэх нь

Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, малын төрлийн зохистой бус харьцаа, малын хэт бөөгнөрөл, бэлчээрийн зохисгүй ашиглалт зэргээс үүдэн бэлчээрийн бүтэц бүрэлдэхүүн, тэжээлийн нөөцөд ихээхэн өөрчлөлт орсноор бэлчээрийн доройтол улам бүр эрчимжсээр байна.
Монголын нийт хүн амын гуравны нэг хувийн амьдралын эх үүсвэр болсон бэлчээр доройтон малчдын нийгэм эдийн засгийн байдал хүндэрч ядуурал нэмэгдэж буй өнөө үед бэлчээрийн зохистой, тогтвортой менежментийн судалгаан дээр тулгуурласан, шинжлэх ухааны үндэслэлтэй бодлого, стратеги юу юунаас илүү чухал байна.

Дэлхий дахинд өнөөг хүртэл хийгдэж ирсэн бэлчээрийн судалгаа, үнэлгээ мониторингийн ажлуудын дутууг нөхөх үүднээс боловсруулагдсан бэлчээрийн эрүүл мэндийн судалгааны үзэл баримтлал нь экосистемийн бүхий л үйлчилгээ, түүний дотор бэлчээрийн бүтээмж нь хөрсний элэгдэл, доройтлын түвшин, ус шингээх, барих, нэвтрүүлэх чадвар, ургамлын бүлгэмдлийн тогтвортой бүтээмжээс шууд хамаардаг гэсэн таамаглал дээр суурилсан байдаг .

Бэлчээрийн тухайн жилийн бүтээмжээс шууд хараат Монголын МАА-н үйлдвэрлэлийн хувьд бэлчээрийн гарц бүтээмжийг урт хугацааны турш өндөр түвшинд байлгах гол үндэс бол бэлчээрийн эрүүл мэндийн асуудал болохыг малчид болоод бодлого боловсруулагчдад ойлгуулах нь чухал юм. Өөрөөр хэлбэл Монголын нийгэм эдийн засгийн тогтвортой байдал бэлчээрийн эрүүл мэндээс шууд хамааралтай МАА-н үйлдвэрлэл дээр тогтдог. Тиймээс бэлчээр ашиглалтыг богино хугацааны ашиг хонжоо болон урт хугацааны тогтвортой байдлын зохистой харьцаан дээр тулгуурлах нь чухал юм.
Манай хөтөлбөрөөс 2006 оноос хойш бэлчээрийн эрүүл мэндийн үнэлгээ мониторингийн арга зүйг бүс бүслүүрээр турших, нэвтрүүлэх ажлыг хийж ирсний дотор 2009-2010 оны зун бэлчээрийн эрүүл мэндийн үндэсний мониторингийн цэгүүдээс мэдээлэл цуглуулан мэдээллийн нэгдсэн баазыг бий болгох, экологийн талбарыг тодорхойлох ажлын эхлэлийг тавьлаа.

Back to top button