Доройтсон бэлчээрийг өнжөөж амраах замаар сэргээх боломж
Доройтсон бэлчээрийг хашиж, малын хөлөөс чөлөөлөх замаар ургамлын цаг хугацааны сэргэлтийг дэмжих хээрийн туршилт судалгааг 2004 оноос Сэлэнгэ аймгийн Шаамар суманд (ойт хээр) чийгэрхэг, алаг өвс – улаан толгойт, намгархаг алаг өвс – улалжит, хээржсэн алаг өвс – хиагт нугын бэлчээрт, Архангай аймгийн Их Тамир суманд ботууль -алаг өвст хээрийн бага, дунд зэрэг, хүчтэй доройтсон бэлчээрт хийж байна.
Туршлаганд авсан алаг өвс-монгол улаан толгойт чийгэрхэг нуга (Шаамар, ойт хээр) 33 зүйл ургамалтай, алаг өвс-улалжит намгархаг нуга нь 32 зүйл ургамалтай, алаг өвс-хиагт хээржсэн нуга нь 17 зүйл ургамалтай байсан нь 1976-1990 оны түвшингээс дээрхи дарааллаар зүйлийн тоо 2.7 дахин, 15.9%, 41.4 % -иар тус тус цөөрсөн бүлгэмдэлд шилжсэн байв. Харин нугын доройтсон эдгээр бэлчээрийг 3 жил малын хөлөөс чөлөөлж амраахад бүтцийн болон бүтээмжийн хувьд илт сэргэж байна. Тухайлбал: Алаг өвс-монгол улаан толгойт чийглэг нугын зүйлийн тоо гурав дахь жилд эхний жилийнхээс 15, алаг өвс-улалжит нуга дээр 22, алаг өвс-хиагт нуга дээр 13 зүйлээр тус тус нэмэгдсэн боловч, унаган байдалдаа хүрээгүй юм.
Алаг өвс-улаан толгойт бэлчээрийн ургамлан нөмрөгийн тусгаг бүрхэц 15.0, Алаг өвс-улалжит бэлчээрийнх 15.0, түнгэ-алаг өвст бэлчээрийнх 35.0 %-иар нэмэгдлээ. Ургацын хуримтлалаас үзэхэд алаг өвс-улаан толгойт нугын ургац амраах горимын 3 дахь жилд анхны жилийнхээс 30%-иар, алаг өвс – хиагт нугынх 158%-иар тус тус нэмэгдсэн байхад алаг өвс-улалжит чийгэрхэг нугынх эхний жилийн ургацаас 3 дахь жилийн ургац 2.1 дахин багасав. Алаг өвст-улалжит чийгэрхэг нугын ургац ингэж багассан нь 2006 оны 6-7-р сард агаарын температур олон жилийн дунджаас 1.40 С-ээр халуун, хур тунàдас 20.4 дахин бага буюу 2.5 мм хур тундас унаж хуурайшсанаас хөрсний мөнх цэвдэг хайлж, усны түвшин доошилж, чийгсэг ургамлууд усны дутагдалд орсонтой холбоотой юм. Нөгөөтэйгүүр, урьд жилүүдэд хуримтлагдсан хагд өвс түрж гарах нялх ургамлыг саатуулж, дулааны хангамжийг бууруулан ургамлын төлжин ургах болон сэргэх процессийг сааруулсан тал байна.
Алаг өвст-улаан толгойт бэлчээрийн нийт ургацад үетний эзлэх хувь 51.7, алаг өвс-улалжит бэлчээрийнх 28.7, алаг өвс-хиагт (түнгэт) бэлчээрийнх 67.9%-иар тус тус нэмэгдэв.
Нугын бэлчээр цаг уурын нөхцлөөс хамааран ургамал ургалтын хугацаанд 2-3 хэнз ургац өгч байгааг харгалзан 5-р сараас 2-3 ээлжээр, 6-р сараас 2 ээлжээр ашиглахыг зөвлөж байна.
Хангайн уулын хээрийн (Их Тамир) ботууль-алаг өвст бага (I-үетэнт), дунд (II-шарилжит), хүчтэй доройтсон (III-улалжит) гурван хувилбарын бэлчээрийг 2004-2006 онд ашиглалтаас чөлөөлөн амраахад бага зэрэг доройтсон бэлчээрийн зүйлийн тоо 17.0, тусгаг бүрхэц 33.5, дунд зэрэг доройтсон бэлчээрийн зүйлийн тоо 22.2, тусгаг бүрхэц 11.3, хүчтэй доройтсон бэлчээрийн зүйлийн тоо 18.9, тусгаг бүрхэц 69.0 %-иар тус тус нэмэгдэж байна.
Бэлчээрийн ургац цаг уурын нөхцлөөс хамаарч жил жилээр хэлбэлзэлтэй, гойд өөрчлөлт ажиглагдахгүй байна. Харин 2006 оны VIII сарын байдлаар нийт ургацад үетний эзлэх хувийн жин I хувилбарт 49-63%, II хувилбарт 5,4-10,4%, III хувилбарт 7,9-50,4% болж нэмэгдэв. 2004 онд газрын дээрх өвслөг ургамлын гарцад хагд борог үгүй байсан бол 2006 оны VIII сарын байдлаар нийт фитомассад хагд борогны эзлэх хувийн жин 47,5-54,8 хувь болж нэмэгдээд байна. Доройтлын гурван шатанд байгаа бэлчээрийг ашиглалтаас чөлөөлөн 2-3 жил өнжөөхөд бүх хувилбарт ургамлын бүтэц, бүрэлдэхүүн, тэдгээрийн арви, бүтээмж дээшлэн, тоо чанарын үзүүлэлтээр сайжрах хандлага ажиглагдаж байна. Гэхдээ тухайн бэлчээрт гол үүрэгтэй ургамлын биоэкологийн нөхцлөөс хамаарч байгалийн аясаар нөхөн сэргэх явц харилцан адилгүй явагдаж байна. Харин агь шарилж зонхилсон хувилбарын нөхөн сэргэх явц бусдаас ихээхэн хугацаа шаардах төлөвтэй байна. Уулын хээрийн хүйтсүү-хуурайсаг орчинд дасан зохицсон Festuca lenensis-ийн бүлгэмдэлд гүйцэтгэх үүрэг дулаарал хуурайшлын нөлөөнөөс хамаарч хуучин хэвэндээ эргэж орох магадлал нэн бага, харин хуурайсаг орчинд дасан зохицсон үетний арви, ургац нэмэгдсэнээр сэргэн сайжрах төлөвтэй байна.
Сүүлийн 3 жилийн судалгааны дүнгээс үзэхэд татмын нугын доройтсон 3 төрлийн бýлчээрийг амрааж байнга ашиглагддаг хэñэгтэй харьцуулахад алаг өвс-улаан толгойт бэлчээрийн нэгж талбайн даац 29.1, алаг өвс-улалжит бэлчээрийнх 39.2, түнгэ-алаг өвст бэлчээрийнх 72.0, өндөр уулын бүсийн бага зэрэг доройтсон бэлчээрийнх 15.5, дунд зэрэг доройтсон (шарилжит) бэлчээрийнх 0.6, хүчтэй доройтсон (улалжит) бэлчээрийнх 36.6%-иар тус тус нэмэгдэх хандлагатай байна. Иймээс энэхүү мониторингийн судалгааны талбайнууд бэлчээрийг сэлгэн өнжөөж ашиглахын чухлыг малчдад харуулах, сурталчлан ойлгуулах сургалтын үндсэн хэрэглэгдэхүүн болох юм. Нөгөө талаас монгол орны нөхцөлд бэлчээрийг нөхөн сэргээх, сайжруулах үндсэн арга нь бэлчээрийг өнжөөж амраах, сэлгээтэй ашиглах явдал мөн гэдгийг батлан харуулж байна.
Бэлчээрийн хамтын менежмент хэрэгжүүлж буй сумдын (Их Тамир, Тэлмэн, Цэнгэл, Өлзийт) бэлчээрийн төлөв байдал, ашиглалтын горимын нөлөөллийг тодорхойлох зорилгоор богино хугацааны мониторингийн судалгаа хийв.
Энэ судалгаанаас харахад хэт ашиглагдсан бэлчээрийг 1-2 жил амраахад бэлчээр сэргэж, бэлчээр доройтоход түрж ургадаг олшрогч ургамал багасч байна. Энэ жил Завхан аймгийн Тэлмэн сум, Дундговь аймгийн Өлзийт сумын 6 багийн зонхилох 6 төрлийн бэлчээрт судалгаа явуулж 2 төрлийн бэлчээр илүү доройтож буйг тогтоож, өнжөөж амраах, сэлгэн ашиглах арга хэмжээг бэлчээрийн хамтын менежментийн төлөвлөгөөнд тусгав.
Богино хугацааны мониторингийн судалгааг АНУ-д хэрэглэдэг арга зүйн дагуу хийж, ургамлын нөмрөгийн өөрчлөлтийг 4 шалгуур үзүүлэлтээр /оройн ба суурийн бүрхэц, халцгай газрын хэмжээ, олшрогч ургамлын таарц, ургац/ хурдан хугацаанд тодорхойлж, бэлчээрт төлөв байдал, чанарын үнэлгээ өгөх боломжтой байна.