Бэлчээрийн ашиглагчдийн хэсэг
Хөтөлбөрийн хоёр дахь үндсэн зорилтын хүрээнд малчид зохион байгуулалтанд орсноор бие даасан байдлаа бэхжүүлж, байгалийн нөөц баялаг ашиглах, тулгарч буй бэрхшээлийг даван туулахад хамтран ажиллах, байгаа нөөц бололцоондоо тулгуурлан мал аж ахуйн бус орлогоо нэмэгдүүлж амьдралаа дээшлүүлэх, харилцан туршлагаа солилцох зэрэгт нь тэднийг дэмжин ажиллаж байна. Энэ үйл ажиллагааг:
-
Архангай аймгийн Их Тамир,
-
Баян-Өлгий аймгийн Цэнгэл,
-
Дундговь аймгийн Өлзийт,
-
Завхан аймгийн Тэлмэн,
-
Төв аймгийн Өндөрширээт сумдад хэрэгжүүлж байгаа юм.
Одоогоор дээрх 5 суманд Бэлчээрийн Хамтын Менежментийн Хороо ТББ байгуулагдан, орон нутагтаа бэлчээрийн хамтын менежментийн ажлыг зохион байгуулах, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, “Малчдын Сургалт Мэдээллийн Төв”-өөр дамжуулан малчдад мэдлэг мэдээлэл түгээх, идэвхижүүлэх, ололт амжилтыг түгээх ажлыг хийж байна.
Бэлчээрийн хамтын менежментийг хэрэгжүүлснээр малчдад ямар үр ашиг авчирч болохыг “Ногоон Алт” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн олон ажлууд харуулж байна. Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд 2005-2006 онд малчид хүч хөдөлмөрөө нэгтгэн хөдөлмөрлөж, чулуун хашаа барин 1060 га нөөц бэлчээр хамгаалсан нь байгаль цаг уурын хүнд нөхцөлд эрсдэлд орохоос хамгааллаа.
Мөн Архангай аймгийн Их Тамир болон бусад сумдад зохион байгуулсан сарлагийн хөөвөр самнах, боловсруулах сайжруулсан технологийн сургалт нь малчдад орлогоо нэмэгдүүлэх ихээхэн боломж олгосон ажил болсон юм.
Төв аймгийн Өндөрширээт суманд “Буриад гутал хийх” сургалтыг “Амьдрах ухаан” төвтэй хамтран зохион байгуулсны үр дүнд сургалтанд оролцогсод буриад монгол гутал, гөлөм дэвсийг дизайны өвөрмөц шийдэлтэй хамгийн орчин үеийн моод стильд нийцсэн, материалын сонголт сайтай, зохион бүтээлтийн хялбар аргачлалаар, технологийн өндөр түвшинд, зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан хийж сурлаа. Цаашид ТББ-ын дэргэд жижиг цех байгуулан ажиллах боломжийг судалж байгаа бөгөөд дараагийн шатны сургалтыг зохион байгуулах хүсэлтийг сургалтанд оролцогчдоос хүлээн аваад байна.
Малчдад өөрсдийн боломж нөхцөлөө ашиглаад орлогоо нэмэгдүүлэх боломжийг нээж өгөх, мэдлэг мэдээлэл өгөх хэрэгцээ шаардлага өндөр байна. Дээрх сургалтуудаас гадна хөтөлбөр хэрэгжиж буй сумдын малчид хүсэлт гаргасны дагуу жимсний чанамал хийх, эсгий эдлэл хийх, хүнсний ногоо тариалах, даршлах, ногоон тэжээл бэлтгэх, даршлах зэрэг сургалт зохион байгуулсан. Цаашид ч дээрх сургалтуудыг үргэлжлүүлэн зохион байгуулах бөгөөд идэвхи санаачлагатай малчид, сум орон нутгийг дэмжин үйл ажиллагаагаа аль болох өргөн хүрээнд хүргэж, аль болох олон малчдад амьдралаа дээшлүүлэхэд нь туслахыг зорьж байна.
Малын тооноос илүү чанарт анхаарах цаг болсныг малчид аль хэдийн ойлгож эхэлжээ. Олон чанаргүй мал бэлчээр их талхлахаас гадна үр шим муутай, цаг уурын хүнд хэцүү нөхцлийг дааж гарах чадвар муутай байдаг учраас малын үүлдэр угсааг сайжруулан, гарах ашиг шимийг нь нэмэгдүүлэхэд анхаардаг болсон байна. “Ногоон Алт” хөтөлбөр ч үүнийг дэмжиж “Монгол сарлаг” нийгэмлэгтэй хамтран ажиллаж байна.