Ногоон алт төсөл
Олон зууны туршид нүүдлийн мал аж ахуйн үндэс суурь болсоор ирсэн бэлчээрийн газар урьдын адил үржил шимтэй байхаа больжээ. Үүний гол шалтгаан нь бэлчээрийн талхагдал юм. Бэлчээрийн доройтолд байгаль, цаг уурын өөрчлөлтөөс гадна хүний хүчин зүйл ихээхэн нөлөө үзүүлж байна. Мал маллаж амьжиргаагаа залгуулдаг малчин өрхийн тоо 1990 онд 90 мянга байсан бол одоо 170 мянгад хүрч, хүн амын 1/3-тэй тэнцэх болсон нь 1990-ээд оны туршид улсын үйлдвэрийн газрууд дампуурч, олон хүн ажилгүй болсноос үүдэлтэй. 1990 оноос хойш гарсан нийгмийн өөрчлөлт, шинэчлэл бэлчээрт тавих хяналтыг зохицуулалтгүй болгож, нийтийн нөөцийг чөлөөтэй, дур зоргоор ашиглуулахад хүргэсэн юм. Хэт олон тооны малтай болж бэлчээрийн тэжээлийн төлөө өрсөлдөх болсон нь хөрс, өвс ургамал, усны нөөцөд хохирол учруулж бэлчээрийн чанар нь буурч, хомсдож байна. Үүний улмаас мах, ноосны чанар муудаж, малчдын орлого буурснаар малчид буурсан орлогоо малынхаа тоог өсгөх замаар нөхөх болов. Таван малчин өрхийн хоёр нь ядуу зүдүү амь зууж байгааг албан ёсны статистикийн мэдээ харуулж байна. Энэ байдал хэвээр үргэлжилбэл улам олон малчин өрхийг ядууралд түлхэн оруулж, үндэсний хүнсний аюулгүй байдлыг бусниулж, бэлчээрийн газрыг цөл болгон хувиргах болно.
Швейцарь болон Монгол улс 2004 оноос хойш ядуурлыг бууруулах, экологийн сөрөг өөрчлөлтийг багасгах чиглэлээр хамтран ажиллаж байна. Энэхүү үр бүтээлтэй харилцаа нь хөгжлийн цогц хөтөлбөр – Ногоон алт төслийн анхаарлын төвд байгаа бэлчээрийн мал аж ахуйд тулгарч буй олон асуудлыг шийдвэрлэхийн төлөө Швейцарийн хөгжил, хамтын ажиллагааны агентлаг Монголын засгийн газрын яамд, ард түмэнтэй хамтран ажиллаж байгаагаар илэрч байна.
Ногоон алт төсөл ШХА-ийн мал аж ахуй, зах зээл, цөлжилттэй холбоотой бусад төсөл, түүнчлэн Монголын засгийн газрын зорилт, зорилгыг уялдуулан зангидаж, хөдөөгийн амьжиргааны түвшин, малчдын хамтын нийгмлэгүүдийн үндэс суурь болсон бэлчээрийн газрыг тогтвортой ашиглахад үйл ажиллагаагаа чиглүүлж байна.
“Ногоон алт” төсөл орлогыг нэмэгдүүлэхийн тулд бүтээмжийг дээшлүүлэхийн зэрэгцээ бэлчээрийн экологийн хязгаарлалтыг тэнцвэрт байдалд оруулан бэлчээрийг сэргээх малчдын амьжиргааны түвшний тогтвортой, уян хатан байдлыг хангах нөхцөл, чадавхийг Монголын иргэдэд бий болгохыг зорьж байгаа юм. Төсөл 2004 оноос эхлэн 3 үе шаттайгаар хэрэгжиж байна.
- 2004-2008 он – I үе шат
- 2009 он – Завсрын үе шат
- 2010-2012 он – II үе шат
Ногоон алт төсөл I шатандаа нийтийн бэлчээрийг дундаа ашигладаг малчдын өөрийгөө удирдах байгууллагыг бий болгож, бэхжүүлснээр бэлчээрийг зүй зохистой ашиглаж хамгаалан нөхөн сэргээх боломжийг бүрдүүлэх туршилтын хөтөлбөрийг экологийн өөр өөр бүсийн 5 суманд хэрэгжүүлж туршсан юм. Энэ хугацаанд жижиг, хагас албан шинжтэй бүлгүүд томоохон, албан ёсны Бэлчээр Ашиглагчдын Хэсэг (БАХ) болон нэгдэв. Малчид энэ БАХ-үүдээр дамжуулан бэлчээрийн тогтвортой менежмент хийх сонирхолтой бусад талууд, орон нутгийн захиргаатай хамтран нийтийн өмч болсон бэлчээрийн газраа ашиглаж эхлэв. Туршилтын үр дүн зүй зохистой ашиглалт хамгаалалтыг бүрдүүлснээр бэлчээрийн төлөв байдлыг хэвийн хэмжээнд байлгах, малчдын амьжиргааг дээшлүүлэх цорын ганц арга зам бол малчдын өөрийгөө удирдах байгууллагыг бий болгож малчин түмэн, иргэний нийгмийн байгууллага, орон нутгийн засаг захиргааны хамтын ажиллагааг хангах явдал юм гэдгийг харууллаа. Ногоон алт төслийн энэ үзэл баримтлал 8 аймгийн 55 суманд хэрэгжиж эхлээд байна.
Монгол орны үндэсний хөгжлийн стратеги, Ногоон алт төсөл
- УИХ 2021 он хүртэлх Үндэсний хөгжлийн стратегийг 2008 онд баталжээ. Энэ баримт бичгийг НҮБ-ын Мянганы хөгжлийн зорилт (МХЗ), түүнчлэн бодлогын чанартай 304 илтгэлд орсон дэвшилтэд хэсгүүдэд түшиглэн боловсруулсан байна. Энэ баримт бичгийн стратегийн нэг бүрэлдэхүүн хэсэг нь “бэлчээр ашиглалтын зохистой менежментийн систем” юм. “Ногоон алт” төсөл энэхүү стратегийн байгаль орчны; засаглалын; эдийн засгийн; нийгмийн гэсэн дөрвөн зохилтод нөлөөлөх юм.
- Байгаль орчин – Ногоон алт төслийн үйл ажиллагаа бэлчээрийн газрын доройтлын чиг хандлагыг бууруулах, зогсооход хувь нэмэр оруулна;
- Засаглал – “Ногоон алт” төсөл Засгийн газрын хүсэлтээр бэлчээр ашиглалттай холбоотой хууль тогтоомжийн төсөл боловсруулах, эрх зүйн орчин бүрдүүлэхэд дүн шинжилгээ хийх, зөвлөмж гаргах, идэвхитэй оролцох байдлаар хувь нэмэр оруулж байна. Орон нутгийн түвшинд Ногоон алт төслийн хөгжүүлэн бэхжүүлсэн бэлчээр ашиглагчдын хэсгүүд орон нутгийн удирдлагад малчны хамтын нийгэмлэгийн оролцоог нэмэгдүүлж, үр өгөөжийг нь дээшлүүлж байна.
- Эдийн засаг – Малчид, БАХ-үүд, хандивлагч орнуудын болон ШХА-ийн Мал аж ахуй төсөл, хөдөөгийн бизнес эрхлэгчдэд зах зээлийн боломж олгох төслийн хоорондох хамтын ажиллагааг дэмжих “Ногоон алт” төслийн төлөвлөгөө нь хувийн хэвшлийг дэмжих, эдийн засгийн өсөлтийг түргэтгэх эдийн засгийн тулгуур ашиг сонирхлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах итгэл найдвэр төрүүлж байна.
- Нийгэм – “Ногоон алт” төслөөс БАХ-ийн дундын санд оруулж байгаа Дэмжих сан нэмэлт орлого олох үйл ажиллагаа, санаачилгаа хэрэгжүүлэх, ахуй амьдралын тулгамдсан хэрэгцээгээ (эрүүл мэнд, сургууль соёл) хангахад нь зориулан малчдын хамтын нийгэмлэгүүдэд боломжийн зээл олгох бололцоог сайжруулж нийгмийн халамжаас хүртэх нөхцлийг бүрдүүлнэ.
Мянганы хөгжлийн зорилт, Ногоон алт төсөл
- Монгол улсын засгийн газраас хөгжлийн стратегитаа тусгаж авсан Мянганы хөгжлийн зорилтуудыг “Ногоон алт” төсөл дэмжинэ.
- Мянганы хөгжлийн зорилт – 1. Ядууралтай тэмцэх: Ногоон алт төсөл орлого нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулахад туслах бусад үйл ажиллагааг явуулна.
- Мянганы хөгжлийн зорилт – 3. Хүйсийн харьцаа: Төслийн багийнхан болон түншүүд эмэгтэйчүүд алив үйл ажиллагаанд тэгш эрхтэйгээр, чөлөөтэй оролцоно гэдгийг ухамсарлан ойлгож, хүлээн авах болно.
- Мянганы хөгжлийн зорилт – 7. Байгаль орчин: Доройтсон бэлчээрийг нөхөн сэргээж, баялгийг нь хадгалан хамгаалах үүднээс бэлчээрийн газрын чадавхид нийцүүлэн мал аж ахуй эрхэлж, байгаль орчноо тогтвортой хамгаалж ашиглахад нь хүмүүст тусална.