Үзүүлэх сургалт зохион байгуулагдлаа
“Ногоон алт” төслийн 2005-2012 онд хэрэгжүүлсэн ажлын үр дүн, сургамж, цаашдын зорилтыг танилцуулах үзүүлэх сургалтыг Төв аймгийн Өндөрширээт суманд 2012 оны 9-р сарын 20-21-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Онолын лекц, танхимын сургалтыг хотоос ирсэн мэргэжилтэн багш нар заадаггүй, харин малчид, малчдын байгууллагын төлөөллүүд арга туршлага, ололт амжилтаасаа танилцуулж, тохиолдож байгаа бэрхшээлийг хэрхэн даван туулах гарцыг олоход мэргэжлийн зөвлөгөө авдгаараа энэ сургалтын онцлог. Мөн эрдэм шинжилгээний байгууллагууд, яамд, аймаг, сумын удирдлагууд, холбогдох газрын мэргэжилтнүүд оролцож шаардлагатай мэдээлэл өгч, хамтран ажиллах саналаа ирүүлдэг юм.
Энэ жилийн сургалтыг зохион байгуулагч Өндөрширээт сумын “Түмэн мал” бэлчээр ашиглагчдын холбоо (СБАХ), “Ширээт хөгжил” малчдын хоршоо, Бэлчээр ашиглагчдын хэсгийн гишүүн малчид хамтран явуулж байгаа үйл ажиллагааныхаа талаар гэр үзэсгэлэн гаргаж, хийсэн ажлаа оролцогчдод танилцууллаа. Мөн сумын төвд байгуулсан хоршооны байр, эсгийний цех, ахуйн үйлчилгээний салбар, өвсний агуулах, Малчдын сургалт, мэдээлэл, үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцсан оролцогчид “бэлчээрийн менежментийг удирдаж явуулах, улмаар малчдын амьжиргааг дээшлүүлэх зөв бүтэц энд бүрджээ” гэж хэлж байлаа.
“Хамгийн тулгамдаж байгаа асуудал ч гэсэн дан ганц бэлчээр яриад үр дүнд хүрэхгүй, малчдын амьдралд өдөр тутам тохиолдож байгаа бэрхшээлтэй олон асуудлыг шийдвэрлэх, орлого ашгийг нь нэмэгдүүлэх зорилготой ажлуудыг цогцоор нь хэрэгжүүлснээр аль аль асуудлыг тодорхой хэмжээгээр шийдвэрлэх боломжтой юм гэдэг нь бидний туршлагаас харагдаж байна. Өнөөдрийн сургалтыг БАХ-үүдийн гишүүн малчид маань гардан зохион байгуулж, идэвхтэй оролцсонд талархаж байна” хэмээн “Түмэн мал” бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүн Ц.Оюун ярьлаа.
Түүнчлэн Бутан улсын ХАА Ойн сайд ажилтнуудынхаа хамт сургалтын үйл ажиллагаатай танилцан нутагтаа хийх хэрэгжүүлэх олон зүйлийг ойлгосон тухайгаа онцлон ярьсан нь байгалийн нөөцийн менежментийн талаар бүс нутагтаа загвар болохуйц үйл ажиллагаа явуулж буйгаа төслийн оролцогчид ойлгож цаашид улам идэвхтэй ажиллах урам зориг өглөө.
“Түмэн мал” СБАХ-ны тухай МҮОНТВ-ийн “Ногоон хөгжил” нэвтрүүлгийг эндээс үзнэ үү.