Бодлогын саналМэдээ мэдээлэл

Бодлогын санал

Хөдөөгийн сэргэлтийн үндэс нь бэлчээрийн газрыг эзэмшүүлэх, ашиглах эрхийг хувьчлах явдал мөн.
“Монголын бэлчээрийн менежментийн холбоо”-ны Гүйцэтгэх захирал, доктор (PhD ), профессор Д.Дорлигсүрэн

Д.Тогтохсүрэн нарын боловсруулсан “Газрын тухай хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал”-д  Монгол Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”- ын 3.5.2.2-т “Бэлчээр ашигласны төлбөр тогтоох, эзэмшүүлэх, хамгаалах болон нөхөн сэргээх хариуцлага хүлээлгэх чиглэлээр эрх зүйн орчныг бүрдүүлэх… “ Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 3.3.5-д “Бэлчээрийн ашиглалт, хамгаалалт, сайжруулалтын хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, бэлчээрийн доройтол, цөлжилтийг бууруулна.” гэж тус тус заасан.

“Практик шаардлага: бэлчээрийн газрыг ашиглах асуудал эмх замбараагүй, хяналтгүй болж, бэлчээрийг сорчлон ашиглах, талхагдал, доройтол үүсгэхэд аливаа хүн хариуцлага хүлээхгүй байна. Мөн нийтээр ашиглах зохицуулалт нь…. хөрөнгө оруулалт хийх сонирхолгүй болгожээ.  Бэлчээрийн газрын хөрсний үржил шимийн бууралт 2050 он гэхэд 3-4 дахинаар эрчимжих хандлагатай байна,  эрчимжсэн мал аж ахуйг хот суурингийн орчимд хөгжүүлэх, энэ чиглэлийн үйлдвэрлэл эрхлэгчдэд зун, намар малаа бэлчээхтэй холбогдсон зохицуулалтыг бий болгох шаардлага байна. Малын тоо толгойг даацад тохируулах, бэлчээрийн ашиглалтыг зохицуулах шаардлагатайг малчид ойлгодог, ярьдаг ч юунаас эхлэх талаар шийдэл гаргаж чадахгүй байна.” гэж 2002 онд батлагдсан Газрын хуулиар бэлчээрийг гэрээгээр ашиглуулах (52.2) гэсэн хуулийн заалтын хор уршиг, сөрөг үр дагаварын талаар зөв зүйтэй дүгнэлт хийсэн мөртөө Гэрээгээр ашиглуулна гэсэн заалтаа дахин давтаж, зарим талаар бүр дордуулсан (52.5. Эрчимжсэн мал аж ахуй эрхлэхэд зориулж хашаалах )  маягаар хуульчлах гэж байгаа нь хир үндэслэлтэй зүйл вэ? Тийм бол нэмэлт өөрчлөлт оруулах ямар шаардлагатай юм бэ?

Газрын хууль батлагдаж хэрэгжсэн 30 жилд монголын бэлчээрийн нүүдлийн мал аж ахуйн хөгжилд Бэлчээрийг гэрээгээр ашиглуулна гэсэн хуулийн заалт ямар сөрөг үр дагаварыг авчрав?

  1. Байгаль дэлхийд  ээлтэй “Нүүдлийн соёл иргэншил” гэгч маань  Монгол улсын ирээдүйн тогтвортой хөгжлийн үзэл онолтой зөрчилдөж экологийн сүйрлийг бий болгох аюулд хүргэж байна.  1990 оноос өмнө Монгол Улсын нийт бэлчээрийн хэмжээ, бүтээмж, даацын талаар “Бэлчээр тэжээлийн эрдэм шинжилгээний хүрээлэн” хүртэл байгуулан олон жилийн турш хэдэн зуун судлаач, эрдэмтэн судалгаа явуулж тооцоо хийжээ. Энэхүү судалгааг үндэслэн 1970-аад оны эхэн үед БНМАУ-ын Хөдөө Аж Ахуйн Яам Монгол орны тэжээлийн баазыг хөгжүүлэх хэтийн төсөөллийг (1976 – 1990 он) боловсруулахдаа тус орны байгалийн бэлчээрт жилд дунджаар 60 сая хонь идээшлүүлэх (бэлчээрийн 100 га талбайд улсын дунджаар 45.3 хонь барих чадвартай) , БНМАУ-ын хөдөө аж ахуйг 2000 он хүртэл хөгжүүлэх, хүн амын хүнсний хэрэгцээг хангах зорилтот программыг боловсруулахад хэрэглэх норм, нормативыг боловсруулахад зун, намар 87.4 сая хонь (хонин толгойд шилжүүлснээр), өвөл, хаварт 49.9 сая хонь бэлчээрлүүлэх (бэлчээрийн 100 га талбайд улсын дунджаар 48.2 хонь барих чадвартай) бололцоотой гэж тооцсон байна. 2022 оны байдлаар хонин толгойд шилжүүлсэн 114 сая тоологдсон бөгөөд  (бэлчээрийн 100 га талбайд улсын дунджаар 102  хонь ноогдож ) байна. Үүнийг дээрхи 1990 оноос өмнө бэлчээрийн доройтол бага хэмжээтэй, ургацын хэмжээ ч харьцангүй гайгүй байсан үетэй зэрэгцүүлбэл бэлчээрийн даац 2,3-2,1 дахин хэтэрсэн байна.  Бэлчээрийн даац хэтэрсний улмаас нийт бэлчээрийн 70 гаруй хувь нь ямар нэг хэмжээгээр доройтож, нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь буюу 120 сая га талбай цөлжилтөд өртөж , нийт газар нутгийн бараг тэн хагас нь хүчтэй болон нэн хүчтэй цөлжөөд байна. Манай зарим судлаачид нүүдлийн аж ахуй бол байгальд хамгийн ээлтэй аж ахуй систем юм.  Бидний энэ замаар дэлхий хөгжих болно. Үүнийгээ “угтаж амдан хөгжих хөгжлийн загвар” гэж тайлбарлаж байна. Бодит байдал дээр бэлчээрийн доройтол нь цөлжилтийг улам нэмэгдүүлж, улмаар экологийн сүйрэлд хүргэх аюултай.
  2. Бэлчээрийг гэрээгээр ашиглуулах нь эдийн засгийн хувьд бүтээмж багатай амиа аргацаасан өрхийн аж ахуйн системийг хадгалахад чиглэж байна. 2021 оны байдлаар нийт малчин өрхийн 47.5% буюу 89504 өрх нь 200-гаас доош малтай байгаа нь ядуурлыг нэмэгдүүлэх нэгэн гол шалтгаан болж байна. Малчин өрхийн наад захын хэрэгцээг хангахад доод тал нь 350-иас дээш малтай, орлогоороо зардлаа нөхөөд ашигтай ажиллах хэмжээний арилжааны аж ахуй болоход 1000-аас дээш толгой малтай байх шаардлагатай байгаа юм.  Арилжааны шинжтэй томоохон аж ахуйн системийг бий болгоход чиглүүлэн бэлчээрийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох ёстой бус уу?
  3. Бэлчээрийг гэрээгээр ашиглуулах нь эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд чөдөр тушаа болж байна. Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх талаар олон арван жил ярьж байгаа боловч үнэндээ хөгжих ямар ч нөхцөл бололцоог бүрдүүлж өгсөнгүй өдий хүрлээ. Өнөөдөр 10-20 үнээтэй гар ажиллагаатай өнөө маргаашийг өнгөрөөсөн “фермерийн аж ахуй” нэртэй амиа аргацаасан аж ахуйг хөгжүүлэх гэж  оролдож байна. Өнөөдөр Улаанбаатар хотын сүүний хэрэгцээг хангахын тулд барууны орнуудаас цэвэр үүлдрийн өндөр үнэтэй саалийн үнээ олноор нь оруулж ирэх талаар байнга ярьж байна. Мөн тодорхой тооны малыг ч оруулж ирж байна.  Гэтэл тэдгээр малыг тэнд байгаа орчин нөхцөлтөй адил нөхцлийг бүрдүүлж, өндөр чанарын дарш, тэжээлээр тэжээж,  шаардлагатай таримал бэлчээрээр хангах  хууль эрх зүйн орчин, нөхцөл бололцоо байна уу?  Тийм нөхцлийг хангаагүй нөхцөлд тэрхүү үйлдвэрлэл үр ашгаа өгөх үү? Авсан хүн нь өрөнд орж “ Хөгжлийн банкны асуудал” шиг юм болох уу? Тэр том дэлэнтэй үнээ алс холын бэлчээрт явж бэлчээрлэх бололцоогүй болохыг ч бодолцох ёстой бус уу? Тэрчлэн мал бордох томоохон аж ахуй байгуулах замаар  дотоодын төдийгүй гадаадад их хэмжээгээр мал, мах экспортлох бололцоо, хоёр хөрш орны асар том зах зээл ч байна. Энэхүү зах зээлийн эрэлт шаардлагыг хангахад зөвхөн нүүдлийн бэлчээрийн мал аж ахуйн мал, махан бүтээгдэхүүн төдийгүй өндөр ашиг шимтэй махны чиглэлийн үхэр сүргийг  малын тэжээлийн болон үр тарианы аж ахуйтай хоршин хөгжүүлэх замаар махны экспортын хэмжээг хэд дахин нэмэгдүүлэх өргөн бололцоо байна. Махны чиглэлийн төрөлжсөн томоохон аж ахуйг хөгжүүлэх явдал бол монголын хөдөө аж ахуйн бодлогын үндсэн чиглэл байх ёстой. Монгол орны байгаль цаг уурын нөхцөлд зохицуулан эдийн засгийг төрөлжүүлэх, экспортын хэмжээг өсгөж валютын нөөцийг нэмэгдүүлэх хамгийн ирээдүйтэй чиглэл юм.    Ийм замаар ажлын байр бий болгох, хүмүүсийн хөдөө орон нутагт суурин хэлбэрээр ажиллаж амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэх шаардлагатай байна. Энэ бол хотын түгжрэлийг бууруулах, хөдөөгийн сэргэлтийг хангах  нэгэн гол арга зам юм.  Сүүний болон  махны чиглэлийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэхэд  их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай. Орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон малын байр, хашаа саравч барих, тэжээл тариалах, таримал бэлчээр бий болгох талбайгаа хашиж хамгаалах, машин трактор, техник хэрэгсэл авах, худаг гаргах, услалтын систем тавих, мэргэжилтэн болон мэргэшилтэй ажилтан хөлслөх гээд асар их хөрөнгө оруулалт шаардлагатай. Сүүний эрчимжсэн аж ахуйн хувьд бол дор хаяж 200, 400 үнээтэй, махны төрөлжсөн эрчимжсэн аж ахуйн хувьд 200-500 үнээтэй, нутгийн үүлдэрийн малыг бордох аж ахуйн хувьд 1000 бог мал  бордох хэмжээтэй байх ёстой. Ийм хөрөнгө оруулалтыг олон жилд нөхөх бөгөөд урт хугацаандаа л үр ашгаа өгдөг байна. Ийм их хөрөнгө оруулалтыг хийхийн тулд юуны өмнө энэ шаардлагыг хангах хэмжээний бэлчээр, тариалангийн талбайг доод тал нь 30-50 жилээр эзэмшүүлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл фермерийн аж ахуйг хөгжүүлэх хамгийн наад захын шаардлага бол хуулиар баталгаажсан өөрийн гэсэн бэлчэээр, тариалангийн газартай байх ёстой.  Гэтэл 5-15 жилийн хугацаатай эзэмшүүлэх гэрээ хийгээд түүнийг шийдэх үү? Хугацаа дуусангуут төрийн хүнд сурталтнууд элдэв хандив тусламж нэхнэ, “нийгмийн хариуцлагын гэрээ” байгуулах ёстой, тэр гэрээндээ орон нутагт хандив тусламж мөнгө өгөх ёстой , өхгүй бол газраа авна, хураана гэх мэтчилэнгээр дарамталж байна. 2-3 худаг гаргаад услалтын системтэй болоод ашиглая гэхээр худаг гаргах зөвшөөрөл  өгөхгүй гацаах зэрэг олон шалтгаан байна. Энэ болгондоо элдэв хууль, дүрэм журмаар халхавч хийдэг. Ийм нөхцөлд эрчимжсэн аж ахуй хөгжих үү дарга, сайд нараа ????. Ингэж хөрөнгө оруулахын тулд энэхүү аж ахуйд хүрэлцэхүйц хэмжээний хувийн газар, бэлчээртэй байх ёстой. Гэтэл өнөөдрийн хууль эрх зүйн орчин ийм шаардлагыг хангаж байна уу?
  4. Бэлчээрийг гэрээгээр ашиглуулах нь нүүдлийн бэлчээрийн мал аж ахуйн эрсдэлийг улам нэмэгдүүлж байна. Аж ахуйн хэмжээ жижиг, эрсдэл даах чадвар сул, дан ганц байгаль цаг уурын царай харсан, бэлтгэсэн 1-2 портер хадлан өвс, 10-20 шуудай хивэг нь 500 малын нэг өдрийн ч хэрэгцээг хангаж хүрэлцэхгүй байгаа нь эрсдэлийг улам нэмэгдүүлж байна. Малчид ч өөрсдөө бэлтгэлээ хангаж эрсдлийг даван туулна гэхээсээ илүү төрөөс бэлэн өвс тэжээл авах,  нүүх унаа хөсгөө гаргуулах гэсэн бэлэнчлэх сэтгэлгээ ч нөлөөлж байна. Бэлчээр нийтийн өмч учраас цаг уурын хүндрэл болоход олон зуун жил хэрэглэж сурсан “зугтах” тактикаа хэрэглэдэг боловч монголын бүх бэлчээр малаар дүүрч гишгэх газаргүй шахам болсон байхад яах вэ?. Отрын бэлчээр гэж гаргасан боловч нутгын малчид булаацалдан гаднаас очсон отрын малчдад бэрхшээл учруулж зөрчил маргаан ч нэмэгдэж байна. Духаа цоортол лам, бөө хоёртоо мөргөснөөр шийдэж чадах уу?     Жилийн жилд  зудын улмаас мал төдийгүй  малчин хүний  амь нас ч хэдэн арваараа хохирч байна. Ингэж голио шиг азаа туршаад амьдраад байх уу?   
  5. Бэлчээрийг гэрээгээр ашиглуулах нь хүмүүнлэг иргэний нийгэм байгуулах Үндсэн хуулийн үзэлтэй хир нийцэж байгаа юм бол оо. Бэлчээрийг гэрээгээр ашиглуулж байгаа нь тэр газар нутагтаа тохь тухтай суурин, хагас суурин хэлбэрээр амьдрах нөхцлөө бүрдүүлэх бололцоог олгохгүй байна. Малчдын хөдөлмөр, ахуйн нөхцөл, нийгэм соёлын үйлчилгээний хангамж, амьдралын төвшин хангалтгүй байгаа нь мал аж ахуйн салбараас дайжиж хот сууринд шилжих хөдөлгөөн улам нэмэгдэж байна. 6 наснаас 18 нас хүртэл 12 жил сургуулиар сурч паартай байшинд сууж үеийн олон нөхөдтөйгөө хамт тоглож, сурч, амьдарч, хөдөлмөрлөж өсөж хүмүүжсэн хүүхэд, залуучууд маань жалгын мухарт нэмэх хасах 30-40 градусын халуунд халж, хүйтэнд хөрч ганц нэгээрээ цаг наргүй, хэдэн мал дагаж амьдралд нь хүрэлцэх үгүйтэй таван төгрөг олоод амьдрах уу, төв суурин бараадан худалдагч, үйлчлэгч, ченж, хувийн тэргээрээ хүн зөөх зэргээр хэдэн “бор юм” олж өөрийн гэсэн орон сууц, хашаа хороотой болж тав тухтай эрсдэл багатай амьдрах уу гэдэг сонголтын өмнө ирээд байна. Хөдөө мал маллах залуучууд цөөрч байна. Нас, хүйсны асар их зааг ялгаа гарч байна. Насны хувьд ахмад настнууд зонхилж байгаа бол хүйсны хувьд эрчүүд зонхилох болов. Ялангуяа залуучуудын хувьд эрэгтэйчүүд зонхилох болж хүйсийн тэнцвэр алдагдаж байна. Дунд сургууль төгссөн ихэнх охид бүгд Их дээд суруульд орж хот суурин бараадах болсон. Банди нарт нь эхнэр ч олдохгүй болоход хүрч байна. Сургууль төгссөн хүнтэй гэрлэхээр нөгөөх нь дагуулаад хот суурин газар явах жишээний үйл явц өрнөж байна. Хэвлэл мэдээлийн хэрэгслээр боловсролгүй, соёлгүй “хөдөөний орк” гэж нэр цол өгч доромжлон гутааж байгаа явдал ч муугаар нөлөөлж байна. Судалгаанд оролцсон охид хөвгүүдийн дийлэнхи хэсэг нь малчин болохгүй гэж хариулт өгч байна. Өөрөөр хэлбэл нөгөө өдөр шөнөгүй өглөө үдэшгүй магтаад байгаа “нүүдлийн соёл иргэншил” гэгчээс зугтаж байна.  Хөдөө байгаа малчин эрчүүдийн нилээд хэсэг нь таван улаан мөнгө олохгүй мөртөө хурдан морь уяж наадам хэсэж цаг зав үрж , хөрөнгө чинээ ихтэй эр  хүн гэдгээ харуулах, “нүүдлийн соёл иргэншлийн” ид шидийг үзүүлэх гэж зүтгэж байгааг буруутгах ч аргагүй юм уу даа.
  6. Хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 27.2 хувиар бууруулж дэлхийн дулаарлыг багасгах хувь нэмэрээ оруулна гэсэн Монгол улсын Ерөнхийлөгчийн амлалтыг хэрэгжүүлэхэд ч сөргөөр нөлөөлөх талтай. Монголын нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын тайланд 2014 оны байдлаар хүлэмжийн хийн 50% ийг эрчим хүчний салбар, 49% ийг хөдөө аж ахуйн салбараас үүсдэг гэсэн тооцоо байна. Хөдөө аж ахуйгаас гарч байгаа хүлэмжийн хийн 91% нь малын хивэх үед болон малын ялгадаснаас ялгардаг метан хий (44.6%) эзэлдэг бөгөөд метан хий дулааруулах үр нөлөөгөөрөө нүүрсхүчлийн хийнээс 21 дахин их байдаг гэж судлаачид тогтоожээ. 2022 (71.1 сая мал) оныг 2014 онтой харьцуулхад малын тоо 37% өссөн байна. Энэ хэмжээгээр ялгаруулах метан хий ч нэмэгдсэн гэж үзэж болох юм. Чухам энэ байдлаар мал өсөөд байвал дэлхийн дулаарлаас 2 дахин их байгаа монгол орны дулаарал тэр хэмжээгээр нэмэгдэж амалсан зорилтоо биелүүлж чадах уу?

Бэлчээрийн өмчлөх эрхийн баталгаа байхгүйн улмаас бэлчээрийн даацанд зохицуулан малын тоо хэмжээг бууруулахад экосистемийн үйлчилгээний төлбөрийг ашиглах, малчдын амьдралын түвшинг дээшлүүлэхэд нүүрсхүчлийн хийн олон улсын сайн дурын зах зээлд (нүүрсхүчлийн төрийн зах зээлтэй ямарч холбоогүй ) оролцож сертификат гаргах замаар хөрөнгө босгох ажилд ч саад болж байна. Монголын бэлчээрийн менежментийн холбооноос 2016 оноос Ангийн Лейстерийн их сургуультай хамтран ПЛАН ВИВО байгууллагаар дамжуулан нүүрсхүчлийн хийн сертификатыг гарган борлуулах замаар олон улсын зах зээлээс 1,7 орчим тэрбум (77482 га бэлчээр хамрагдсан)  төгрөгийн санхүүжилт босгон 120 малчин өрхөд олгоод байна. Хэрвээ бид нийт бэлчээрийнхээ 10% ийг хамруулж чадвал жилд 40 орчим тэрбумын хөрөнгийг босгох бололцоо ч байгаа юм. Цаашид энэ чиглэлээр төсөл хэрэгжүүлэх сонирхолтой олон улсын байгууллага, компаниуд санал хүсэлтээ ирүүлж байгаа боловч хэрэгжүүлэх гол нөхцөл болсон бэлчээрийн өмчийн эрхийн баталгаажуулалт тодорхойгүйгээс хойшилж байна. Энэ чиглэлээр их хэмжээний санхүүжилт босгож малчдын амьдрал ахуйгаа дээшлүүлэх бололцоог алдаж байна.

Энэ бүх асуудлыг шийдвэрлэх, хөдөөгийн сэргэлтийг хангах үндсэн арга зам нь “Хэний ч биш” төрийн өмчийн бэлчээрийг эзэмшүүлэх юмуу  ашиглах эрхийг хувьчлах замаар эдийн засгийн эргэлтэд оруулах явдал мөн.

Бэлчээрийн эрх зүйн зохицуулалтын гол үүрэг нь бэлчээрийн даацанд тохируулан малын тоог зохицуулах, хязгаарлах явдал юм. Д.Тогтохсүрэн нарын өргөн барьсан төсөлд Үүний тулд эзэмших, ашиглах 4 улирлын бэлчээрийн хил зааг, байршил,хэмжээ, даацыг Бэлчээр ашиглагчдын бүлгийн хэмжээнд тогтоож сумын иргэдийн хурлаар баталгаажуулан Сумын засаг дарга гэрээ хийхээр хуульчилсан байна. Гэрээнд тухайн бэлчээрийн нэгж талбарт байх малын тоог тогтоож өгөх бөгөөд бэлчээрийн даацад малын тоог тохируулах арга хэмжээг Бэлчээр ашиглагчийн (малчин хүний) үүрэг гэж тодорхойлсон байх юм. Бэлчээр ашиглагчийн бүлэг бэлчээрийн даацанд малын тоогоо тохируулахын тулд малчин Батын малыг 100, малчин Доржийнх 1000 гэж тогтоох болж байна уу? Энэ нь малчдын хооронд зөрчил, маргааныг нэмэгдүүлж хэрүүлийн алим болох нөхцлийг бүрдүүлэх бус уу? Хэн нь цөөн малтай байя гэж бодох билээ. Хэнтийн малчин Гансүхийн хэлсэнтэй адил бүгд л 1000 малтай байхыг бодно биз дээ.

Малчин өрхөд өвөлжөө, хаваржааны зориулалтаар 1.0 га хүртэлх газрыг нэг удаа үнэ төлбөргүйгээр эзэмшүүлж болох ба тухайн газарт малын тэжээл тариалж болно.”гэсэн заалт нь  бэлчээрийн газрыг сүйтгэж, цөлжилтийг нэмэгдүүлэх хүргэх болов уу .  1 га газарт тэжээл тарих гэж 188605 малчин өрх ийм хэмжээний бэлчээрийн газрыг  хагалаад юм ургахгүй бол атаршуулаад хаях бус уу? 1 га газарт тэжээл тариалах нь 1 м2 газарт төмс тарихтай адилгүй зүйл шүү дээ? Харин 1-3 га бэлчээрийг хашиж хамгаалах замаар цаг хүндэрсэн нөхцөлд ашиглаж болох талтай.

Гэрээгээр ашиглуулах заалт нь амьдрал дээр хэрэгжихгүй бол бэлчээр ашиглагчдын бүлэгт гэрээгээр ашиглуулах бэлчээрийн газрын хил зааг, хэмжээ, байршлыг тогтоох,  зургийг үйлдэх; бэлчээрийн төлөв байдлыг тогтоох, бэлчээрийн төлөв байдлын фотомониторингийн үнэлгээг үндэслэн бэлчээр ашиглалтын гэрээг бүртгэх, биелэлтийг жил бүр дүгнэх, гэрээ хийх  гэх мэт нарийн төвөгтөй их хэмжээний хөрөнгө хүч, цаг хугацаа  шаардсан ажлыг хийх (хэнд ч хэрэг болохгүй зүйл хийх) шаардлага байх уу? Хуулийг хэрэгжүүлхэд гарах зардлыг тооцож үзсэн болов уу?

Ер нь бэлчээрийг эзэмшүүлэх юмуу ашиглах эрхийг хувьчилж эзэнтэй болгох нь нүүдлийн аж ахуйн одоогийн системийг эвдэн нураах бус харин ч цаашдын тогтвортой хөгжлийг хангах, боловсронгуй болгох үүд хаалгыг нээхэд чиглэгдэж байгаа юм. Малыг хувьчилснаар малчид хөрөнгөтэй болсон бол бэлчээрийг эзэмшүүлснээр Монголын газар нутаг монгол эзэнтэй болж үеийн үед хамгаалагдана гэсэн үг юм. Мал аж ахуйг зах зээлийн харилцаанд шилжүүлэх шилжилт цогц байдлаар шийдэгдэж дуусна гэсэн үг юм.

Аливаа хууль бол хоцрогдсон үеэ өнгөрөөсөн амьдралын хэв маяг, зан заншлыг халах, улс орны ирээдүйн хөгжил дэвшлийг түргэтгэх, хурдасгахад чиглэгдсэн байх ёстой. Гэтэл бэлчээрийн талаархи хуулийн зохицуулалт нь манай зарим популист судлаачид, эрдэмтэд, улс төрчдийн боловсруулсан “Нүүдлийн соёл иргэншил” гэсэн хүй нэгдлийн нийгмийн үеийн амьдралын хэв загварыг хамгаалахад чиглэгдэж байна.  Ийм үзэл онолоор боловсруулагдсан хуулийн заалтыг дэвшил гэх үү, ухралт гэх үү? Өнөөгийн 21 зууны залуу үе маань үүнийг хүлээн авах уу, амьдралд хэрэгжих үү?  “Нүүдэлчдын соёл”-ын дэвшилттэй, үнэт зүйлийг  эрхэмлэн хөгжүүлэн, ашиглах гэсэн ойлголт бол өөр асуудал юм. Мэдээжийн хэрэг хормын дотор бэлчээрийн нүүдлийн амьдралыг өөрчлөх бололцоогүй. Гэхдээ ирээдүйд өөрчлөгдөх, хөгжих  замд нь саад тотгор болохгүй байх эрх зүйн нөхцлийг бүрдүүлэх ёстой.

Бэлчээрийг (үл хөдлөх хөрөнгийг  эзэмшүүлснээр)  газар нутаг эзэнтэй болж малчид, тэдгээрийн үр хүүхэд, залуу үе ч орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллаж  амьдрах нөхцөл бүрдэнэ. Бэлчээрийг удаан хугацаагаар эзэмшүүлсэн нөхцөлд үр хүүхдүүд нь орон нутагтаа, бэлчээртээ хоргодох сэтгэл бий болно. Энэ бол миний өмч хөрөнгө, орон нутагтаа тохь тухтай сайхан амьдрахын тулд  байр байшин барих, худаг гаргах, хөв байгуулах, тэжээл тариалах, хадлангийн талбайгаа хамгаалах, хашаалах зэрэгт хөрөнгө оруулах гэсэн  эзэн хүний сэтгэл, сэтгэлгээ бий болно. Тэрчлэн эзэмшлийн эрх юмуу хувьчлагдсан ашиглах эрхээ түрээслэх, өв залгамжлах замаар эдийн засгийн эргэлтэд оруулах нь малчдын, ялангуяа цөөн малтай малчдын орлогыг нэмэгдүүлэх бололцоог олгоно. Нөгөө талд олон малтай малчин цөөн малтай малчдын эрхийг түрээслэн ашигласнаар малын тоо хэмжээгээ ч нэмэгдүүлж арилжааны шинжтэй томоохон аж ахуй үүсэх боломжтой. Хөдөөгийн сэргэлтийг шийдвэрлэх үндсэн арга бол бэлчээрийг эзэмшүүлэх юмуу ашиглах эрхийг хувьчлах явдал мөн.

Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага ч өөрчлөгдөж байна. Ер нь бэлчээрийн нүүдлийн мал аж ахуй шахагдаж бэлчээрийн суурин, хагас суурин мал аж ахуй зонхилох боллоо. Байгаль цаг уурын адил нөхцөлтөй  манайх шиг нүүдлийн мал аж  ахуй эрхэлж байсан Өвөр монголд бэлчээрийн газраа малчдад хуваан эзэмшүүлэх, ашиглах эрхийг хувьчлах  замаар дээрхи асуудлуудыг шийдсэн бэлэн туршлага байна. Өвөр монголын малчид суурин хагас суурин байдалд шилжиж, аж ахуйгаа эрчимжүүлж,бүтээмж өндөртөй, эрсдэл багатай аж ахуй эрхлэх болсноор малчдын орлогын төвшин эрс нэмэгдэж нийгэм соёлын амьдралд асар том өөрчлөлт гарч байна. 20 жилийн өмнө манай малчидтай адилхан байсан малчдын амьдрал зүйрлэх аргагүй өөрчлөгжээ.

Монгол улсад тариалангийн газрыг эзэмшүүлсэн явдал нь газар тариалангийн үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт нэмэгдэж  эрчимтэй хөгжих эх сурвалж болж байгааг амьдрал харуулж байгаа бус уу?

Бэлчээрийг эзэмшүүлэх (эзэнтэй болгох)-д хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна.

  1. Үзэл онолын хувьд Монгол Улс бол нүүдлийн соёл иргэншлийн гал голомт, үнэт зүйл юм. Нүүдэл байхгүй бол Монгол Улсын онцлог үнэт зүйл үгүй болно. Тиймээс энэхүү соёл, зан заншлыг тээгч, хадгалж байгаа хүмүүс болох  малчид нүүдлийн амьдралаар амьдрах ёстой гэсэн үзэл онолыг популист судлаачид, улс төрчид хамгаалан сурталчилж байна.
  2. Монголын түүхэнд бэлчээрийн газрыг эзэмшүүлэх, өмчлүүлэх асуудал хэзээ ч байгаагүй учраас бэлчээрийг эзэмшүүлж болохгүй гэсэн тайлбар хийж байна. /Гэхдээ үүнийг зарим түүхийн эх сурвалжуудаас харахад тодорхой хэмжээгээр эзэмшүүлэх асуудал байсныг гэрчилдэг юм./
  3. Малчдын нэлээд хэсэг нь эзэмшүүлсэн нөхцөлд ган, зуд тохиолдсон үед байгалийн гамшиг болоогүй газар, бэлчээрт отор нүүдэл хийх замаар эрсдэлийг даван туулах бололцоогүй болох юм байна гэсэн айдас болгоомжлол байдаг. Үүнийг отрын бүс нутгийг тусгайлан бий болгож шийдвэрлэх хэрэгтэй. Мөн тухайн эзэмшүүлсэн газарт эзэмшиж байгаа хүмүүсийн эрхийг хөндөхгүйгээр тэр газарт нь түр хугацаагаар бэлчээрийг нь ашиглах, ашигласан төлбөрөө нүүж очсон малчин төлөх юмуу эсвэл төр тодорхой хэмжээний нөхвөр олгож болох юм. Малчдын хувьд эзэмшүүлэх асуудал дээр дургүйцэж байгаагийн гол үндсэн шалтгаан нь энэ юм.
  4. Зарим олон малтай, баян чинээлэг малчдын хувьд чөлөөтэй дур зоргоороо ашиглаж байгаа энэхүү тогтолцоог хэвээр нь байлгахыг сонирхож байна. Аль сайн бэлчээр, усыг дур зоргоороо сорчлон ашиглаж өөрийнхөө мал хөрөнгийг өсгөж, хөрөнгө орлогоо нэмэгдүүлэх сонирхолтой байна.
  5. Хэдэн мянган адуу малтай хот, суурин газрын баян чинээлэг хүмүүс бэлчээрийг эзэнгүй хэвээр байлгах сонирхолтой байна. Манай их хурлын гишүүдийн 55 хувь нь 5-3000 малтай байдаг юм байна. Нэлээд хэсэг нь хурдан удмын олон адуутай байдаг бололтой. Энэ нь тэдний эрх ашигт нийцэж байгаа учраас хууль гаргахгүй талаар лобби хийж байна.
  6. Гадаад, дотоодын судлаачид малчдын амьдрал байдалтай танилцаж, судалгаа хийсний үндсэн дээр бэлчээрийг эзэмшүүлж болохгүй, хил зааг тогтоож болохгүй гэсэн хийсвэр дүгнэлтийг хийдэг. Жишээ нь Японы эрдэмтэн бараг дайн байлдаан гарч ч болзошгүй гэж үзсэн. Манай улс төрийн шийдвэр гаргах эрх бүхий хүмүүс үүнийг сонсоод гадаадын эрдэмтэн мэргэд гагцхүү үнэнийг хэллээ, түүнийг дагах ёстой гэж ойлгож байна.

Бэлчээрийн нүүдлийн мал аж ахуйг эрхэлж байгаа нөхцөлд бэлчээрийн эзэмших эрхийг баталгаажуулахын тулд ямар хэмжээний бэлчээрийг хэнд, яаж  эзэмшүүлж, баталгаажуулах вэ гэдэг асуудал зүй ёсоор урган гарч байна.

Суурин хэлбэрээр аж ахуй эрхэлж байгаа нөхцөлд газрыг нь хуваагаад эзэмших хүсэл, сонирхлын дагуу өмчлүүлж, эзэмшүүлж болдог. Гэтэл нүүдлийн хэлбэрээр байгаа нөхцөлд ямар арга замаар шийдэх вэ?

Бэлчээрийн нүүдлийн мал аж ахуйг эрхэлж байгаа Монгол орны нөхцөлд бэлчээрийн газрыг эзэмшүүлэх арга хэлбэр ч өвөрмөц ялгаатай байх талтай. Бидний үзэж байгаагаар бэлчээрийн газрыг тухайн малчин өрх дангаараа эсвэл дундаа хамтран ашиглаж байгаа байдал, өвөлжөө, хаваржааны байршил, зах зээлээс алслагдсан байдал, байгаль цаг уурын нөхцөл зэргээс хамааруулан бэлчээрийн газрыг талбайн хэмжээгээр эсвэл малын тоогоор гэсэн хоёр хэлбэрийн аль нэгээр нь эзэмшүүлэх эрхийг хэрэгжүүлж болох юм.

1.Бэлчээрийн талбайн хэмжээгээр бэлчээр эзэмшүүлэх: Бэлчээрийн нэгж талбарын хилийг тогтоосны дараа тухайн нэгж бүрийн бэлчээрийн даацыг тодорхойлж хэчнээн хэмжээний мал бэлчээх бололцоотой болохыг тогтооно. Тухайн нэгж талбарын дотор малаа маллаж амьдардаг бэлчээр ашиглагчдын хэсгийн хурлаар малчин өрх бүрт эзэмшүүлэх бололцоотой өвөлжөө хаваржааны бэлчээр, түүний хэмжээ, хил хязгаарыг тогтоож болно. Эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн өвөлжөө хаваржааны бэлчээрийн хэмжээг  тухайн нэгж талбарт багтаж байгаа малчин өрхүүдийн малын тоо, өрхийн ам бүлийн тоог харгалзан тогтоох нь шударга ёсонд илүү нийцнэ гэж үзэж байна. Өвөлжөө хаваржааны бэлчээрийн эзэмшүүлэх газрын хэмжээг тогтоох  талаар олон санал байдаг.

Тухайлбал, одоогийн байгаа уламжлалт хилийг баталгаажуулан эзэмшүүлэх асуудлыг малчдын нэлээд хэсэг санал болгодог. 2008-2009 онд Завхан аймгийн Тэлмэн суманд зарим малчдын хооронд маргаан гарч малчдын дийлэнх хэсэг нь өвөлжөө хаваржааны хилийг тогтоож өгөхийг хүссэн юм.

Үүний дагуу нийт малчин өрхийн өвөлжөөний уламжлалт хилийг тухайн өвөлжөөний хил залгаа малчдыг байлцуулан газар дээр нь харилцан зөвшилцөх замаар тогтоов. Тэлмэн сумын нийт 249 өвөлжөөний 199 өвөлжөөний хил хязгаарыг тогтоосон. 50 өвөлжөөний хилийг тогтоогоогүй юм.

Өвөлжөөний байршил нь ойрхон, ах дүүгээрээ нэг дор шахуу байгаа малчин өрхүүд   өвөлжөөнийхөө  хил хязгаарыг тогтоолгохыг хүсээгүй юм. Судалгаанаас үзэхэд нийт өвөлжөөний 16.2 хувь нь 101-300 га, 49.7 хувь нь 301-600 га, 27.6 хувь нь 601-1000 га, 6.5 хувь нь 1001-1400 га бэлчээртэй байна. Зарим нь 100 га бэлчээртэй байхад зарим нь 1400 га бэлчээртэй байх жишээтэй. 1400 га бэлчээртэй өрх 14 дахин илүү бэлчээр эзэмших эсвэл ашиглах эрхтэй болж байна. Энэхүү судалгааг танилцуулсны дараа малчид энэ бол шударга бус байна. 100 га бэлчээртэй малчин малаа өсгөнө гэвэл хаанаас бэлчээр авах юм бэ? 1400 га-тай бэлчээртэй хүн надаас 14 дахин их малтай байх юм байна. Нийт өвөлжөөний 66 хувийг эзэлж байгаа 600-гаас доош га бэлчээртэй өвөлжөөний эзэд ийм байдлаар тогтоохыг зөвшөөрөхгүй гэж саналаа илэрхийлж байв.

Уламжлалт хилийг баталгаажуулахаас гадна бэлчээрийг малын тоо, өрхийн ам бүлийн тоо эсвэл энэ хоёрыг аль алиныг нь харгалзан хуваарилах талаар санал гарч байлаа. Энэ талаар малчид ямар бодол саналтай байдаг талаар судалгааг хийсэн.

2009-2012 онд байгалийн бүх бүс бүслүүрийг хамааруулан 20000 малчдаас авсан социологийн судалгаагаар “Хэрвээ бэлчээрийг гэрээгээр урт удаан хугацаагаар эзэмшүүлэхээр бол малчид болон иргэдэд хэрхэн яаж хуваарилан эзэмшүүлбэл дээр гэж бодож байна вэ” гэсэн асуултад судалгаанд оролцсон малчдын 21.5 хувь өрхийн малын тоог харгалзан хуваарилах, 11.5 хувь нь өрхийн ам бүлийн тоог харгалзан хуваарилах, 67 хувь нь мал болон өрхийн ам бүлийн тоог аль алиныг нь харгалзан хуваарилах хэрэгтэй гэж хариулжээ. Үүнээс үзэхэд малын тоо болон өрхийн ам бүлийн тоог харгалзан хуваарилах нь тэгш байдал, шударга ёсыг хангахад илүү дээр гэж үзсэн байна. Энэ нь Өвөр Монголд бэлчээрийг хуваан эзэмшүүлэхэд хэрэглэсэн арга юм. Өвөр Монголд малчин өрхөд бэлчээрээ хуваарилахдаа бэлчээрээ 100 хувь гэж үзвэл 70-80-ийг нь өрхийн хүн амын тоо, 30-20 хувийг нь малын тоог харгалзаж хуваасан байна. Энэхүү хувилбарыг судлан хэрэгжүүлж ч болох талтай. Тэлмэн сумын өвөлжөөний судалгаанаас харахад нийт 249 өвөлжөөний 43.8 хувь нь нэг өрхтэй, 28.9 хувь нь 2 өрхтэй, 16.5 хувь нь 3 өрхтэй, 10.8 хувь нь 4-6 өрхтэй байна. Нэгээс хоёр өрхтэй өвөлжөө 73 орчим хувийг эзэлж байгаа бөгөөд  эцэг болон хүүхэд нь нэг өвөлжөөнд байгааг харуулж байна. Ийм нөхцөлд өвөлжөөний бэлчээрийг тухайн өрхөд нь эзэмшүүлэх бүрэн бололцоотой юм.

2.Хэсэг, хамт олны дунд нь малын тоогоор эзэмшүүлэх. Нэг жалга, аманд маш ойрхон байршдаг өвөлжөөнүүдийг (уулын нэг аманд, зарим сум аймагт 20-30 өвөлжөө нэг дор байна) өрхүүдийн дунд нь эзэмшүүлэхээс өөр аргагүй юм. Энэ тохиолдолд тухайн хэсэг өвөлжөөний бэлчээрийг нэг нэгж талбар болгон хуваах ёстой. Эзэмшүүлэхдээ бэлчээрийн даацыг тооцон гаргаж нэг өрхөд ногдох хонин толгойд шилжүүлсэн малын тоогоор эзэмшүүлэх эрхийн  гэрчилгээ олгож болох юм. Эрхийн гэрчилгээнд бичигдсэн малын тоо нь бэлчээрийн энэ нэгж талбарын даацаас хэтрэхгүйгээр байх ёстой. Өөрөөр хэлбэл эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ нь бэлчээрийн талбайн хэмжээгээр олгогдох бус  малын тоогоор олгогдоно гэсэн үг юм.

Бэлчээрийн талбайгаар олгосон болон малын тоогоор олгосон эзэмших эрхийн гэрчилгээ нь тодорхой хэмжээний бэлчээрийг эзэмшиж, ашиглах эрхтэй гэсэн нэг л утга агуулгатай. Монгол орны бэлчээрийн нүүдлийн мал аж ахуй эрхэлж байгаа нөхцөлд бэлчээрийг эзэмшүүлэхдээ дээрх хоёр хэлбэрийн алийг нь ч ашиглаж болох юм.

Малчин өрх дангаараа ашиглах бололцоотой бэлчээрийг талбайн хэмжээгээр нь эрхийн гэрчилгээ олгож болох бөгөөд дундаа хамтран ашиглахаас аргагүй өвөлжөө, хаваржаа, зуслан намаржааны бэлчээрийн нэгж талбарын даацад тохируулан тэр нэгж талбарт малаа бэлчээдэг өрхүүдэд  малын тоо болон өрхийн ам бүлийн тоог харгалзан бэлчээх малын тоог (хонин толгойд шилжүүлсэн) тогтоож  эзэмших эрхийн гэрчилгээг малын тоогоор олгож болно. Энэ нь нэг талаас бэлчээрийн даацад малын тоо хэмжээг зохицуулах хэрэгсэл болохоос гадна нөгөө талаас тухайн нэгж талбарын бэлчээрийн эзэн гэдгийг албан ёсоор баталгаажуулж, эзэмших эрхээр хангагдаж байна.

Тоогоор тогтоосон эрхийн гэрчилгээ нь талбайн хэмжээгээр олгосон эрхийн гэрчилгээтэй адил  өв залгамжлах, барьцаалах, бусдад түрээслэх  зэрэг эрхээр хангагдаж эдийн засгийн эргэлтэд орох замаар эзэмшигчийн эдийн засгийн эрх ашиг сонирхлыг хэрэгжүүлэх хөшүүрэг болно. Энэ нөхцөлд сумын Засаг даргын тамгын газрын мэргэжилтнүүд, газар зохион байгуулагч зэрэг албан тушаалтнууд тухайн нэгж талбарт бэлчээх ёстой малын тоог бүртгэх, хяналт тавьж, эрхийн гэрчилгээнд заасан малаас хэтэрсэн нөхцөлд торгох, шийтгэх арга хэмжээг авах ёстой.

Нөгөө талаас тухайн нэгж талбарт  малаа малладаг малчин өрхүүд ч харилцан бие биендээ хяналт, шаардлага тавих болно. Тухайн нэгж талбарт байгаа малчин өрхүүдийн нэг өрхийн малын тоо эрхийн бичигт заагдсан малын тооноос дутуу байвал мал нь эрхийн бичигт заагдсан тооноосоо илүү гарсан өрхөд түрээслүүлж болно. Өөрөөр хэлбэл нэг хонийг нэг хоног бэлчээхэд 100 төгрөг ч гэдэг юм уу тодорхой төлбөртэйгөөр эрхээ түрээсэлж болно. Харин тухайн нэгж талбарт олгосон өрхүүдийн эрхийн бичигт заагдсан малын тоог тухайн нэгж талбарт үйл ажиллагаа явуулж байгаа малчдад мэдэгдэж харилцан бие биендээ хяналт тавих бололцоог олгох ёстой.

Бэлчээрийн газрын нэгж талбарт түшиглэсэн малчдын өөрөө өөрийгөө удирдах байгууллагыг үүсгэн байгуулах замаар бэлчээрээ хэрхэн зөв ашиглах, төлөвлөх, сайжруулах, худаг ус гаргах, мал эмнэлэг, үржлийн ажлын үйлчилгээг боловсронгуй болгох, бүтээгдэхүүний борлуулалт, мал аж ахуйгаа хамтран эрхлэх талаар нэгдсэн нэг зохион байгуулалтад орох нөхцөл бололцоо бүрдэнэ. Эхний ээлжид бэлчээрийн эрхийн бичгээрээ хувь нийлүүлэх замаар хоршоо, хувьцаат кампани байгуулж болох бөгөөд цаашид мал болон бусад эд хөрөнгөө нийлүүлэх замаар ашиг орлоготой томоохон аж ахуйн нэгжийг баг, сумын түвшинд байгуулж болох юм. Чухам ийм аргаар амиа аргацаасан өрхийн аж ахуйг арилжааны том аж ахуй болгон хувиргаж болох байна.

Монгол орны байгаль экологийн өвөрмөгц нөхцөлд батлагдаж нотлогдсон судалгаа, туршилтанд үндэслэхгүйгээр сэтгэлийн хөөрлөөр Газрын тухай хуульд бэлчээрийн талаар хэдэн өгүүлбэр,  нэмэлт өөрчлөлт оруулснаар монгол оны эдийн засгийн энэ том суурь салбарын асуудлыг шийдвэрлэх бололцоогүй юм.  Харин Монгол улсын их хуралд өргөн барьсан 2023 онд Газрын ерөнхий хуулийн (шинэчилсэн найруулга ) төслийн  94.4. Энэ хуулийн 94.2.1(4 улирлын бэлчээр), 94.2.3( эрчимжсэн мал аж ахуй эрхлэхэд зориулсан бэлчээр )-т заасан бэлчээрийг узуфрукт эрхээр олгоно.  94.2.2 (отрын бэлчээр)-т заасан бэлчээрийг гэрээгээр ашиглуулна. гэсэн заалт байхад хангалттай. Харин энэ үндсэн дээр Бэлчээрийн бие даасан тусгай хууль боловсруулж шийдвэрлэх ёстой. 

Back to top button