Аймагт “Бэлчээр ашиглалтын журам”-ыг баталж, хэрэгжүүлэхээр боллоо
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн нийт газар нутгийн хэмжээ 6.289.533 га бөгөөд үүнээс 89.8 хувь буюу 5.642.103 га нь бэлчээрийн талбай юм.
Бэлчээрээс 10.8 хувь нь уулархаг бүсэд, 19.4 хувь нь ойт хээрийн бүсэд, 25.6 хувь нь хээрийн бүсэд, 44.2 хувь нь цөлөрхөг хээрийн бүсэд хамаарч байна. Бэлчээрийн нийт талбайгаас 10 хувийг нь алс зэлүүд, даваа бартаа ихтэй гэх шалтгаанаар ашиглаж чаддаггүй, харин төв суурин газар, ил задгай устай бэлчээрийг жилийн туршид ашигласнаар цэгэн талхагдалт үүсч байгааг хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд хэлж байна.
“Малын эрүүл мэнд, ногоон алт” төслөөс нийт бэлчээрийн 65 хувь нь доройтож, 24.2 хувь буюу 1.3 сая га талбай унаган төрхөө алдсан гэх судалгааг гаргажээ. Гэтэл мал сүргийн тоо жил дараалан өсч, бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрсэн ба газрын хөрс элэгдэн шимт ургамал ургахаа байсны улмаас мал тарга хүчээ авч чадахгүйд хүрч байгаа юм.
Иймд аймгийн ИТХ-аар “Бэлчээр ашиглалтын журам”-ыг баталж, хэрэгжүүлэхээр болжээ.