Малчдын байгууллагын орлого 20 сая төгрөгөөр нэмэгдэнэ
Завхан аймгийн Тэс сумын “Таанат тэс” бэлчээр ашиглагчдын холбоо 2011 оны 4-р сард “Чацаргана” хөтөлбөрийн хүрээнд аймгийн ХААЖДҮГ-аас зарласан суулгац зээлээр олгох тендерторолцож төсөл нь шалгарчээ. Ингэснээр 4,6 сая төгрөгийн өртөг бүхий 2000 ширхэг суулгацыг авч, 5 жилийн дараа нэг бүрийг нь 2300 төгрөгөөр тооцож үнийг нь эргэн төлөх ажээ. Чацарганыг тариалснаас хойш 3 дахь жилээс эхлэн ашгаа өгдөг юм байна. 2000 бутнаас тариалалтын эрсдэлээс хамаарч 70 хувь нь жимсээ өгнө гэж тооцвол 1400 бут жимсэлж, 1 бутнаас дунджаар 7 кг, нийт 9800 кг буюу 20 сая орчим төгрөгийн ашгийг нэг жилдээ олохоор тооцоолсон байна. Тус төсөлд шалгарах болсон нэг үндэслэл нь энэ байгууллага чацаргана тариалалтыг өмнө нь хийж байсан туршлагатай бөгөөд 2010 онд нэг га газар 500 ширхэг өндөр “Чуский” сортын чацарганыг тариалсан нь 95 хувийн ургалттай байгаа юм.
“Таанат тэс” бэлчээр ашиглагчдын холбоо сумын нийт малчдыг 8 бэлчээр ашиглагчдын хэсэг болгон зохион байгуулж, бэлчээрээ төлөвлөж, хуваартай ашиглахын зэрэгцээ унаган байгалаа хамгаалах, орлогыг нь нэмэгдүүлэх үйл ажиллагаануудыг санаачлан хэрэгжүүлдэг. Нэг жишээ сонирхуулахад Тэсийн гол дагуу маш ихээр ургадаг зэрлэг чацарганыг сүүлийн жилүүдэд хүмүүс болц нь гүйцээгүй үед нь түүх, бутыг хугалах, цавчиж жимсийг нь авах зэргээр зохисгүй ашиглаж байжээ. Үүнийг цэгцлэх, зөв ашигласнаар тодорхой хэмжээний орлого олох ажилд малчдыг зохион байгуулалттайгаар татан оролцуулж эхэллээ.
Тус холбоо үйл ажиллагаагаа эхлээд гурван жил болж байна. Холбооны тэргүүн С.Гүррагчаа малчдынхаа дэмжлэгийг хүлээсэн энэ мэт олон ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд зах зээл, ажиллах хүчин, сумынхаа онцлогийг судалж, төлөвлөгөө гаргасныхаа дагуу эсгий болон эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалттай тоног төхөөрөмжийг суурилуулж эхлээд байна. Ингэснээр тус малчны байгууллага ирээдүйд бие даан хөгжих нэг боломж бүрдэнэ.