Бэлчээрийн хяналт үнэлгээний нэгдсэн системтэй болно.
“Ногоон Алт” хөтөлбөрийн санаачлагаар Монгол улс удахгүй Бэлчээрийн хяналт үнэлгээний нэгдсэн системтэй болно.
Энэ ажилд ХХААХҮЯ, ХААИС, МУИС, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, ШУА-ийн Ботаникийн хүрээлэн, Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэн, Газрын харилцаа, геодези, зураг зүй газар, АНУ-ын Нью Мексикогийн Их сургуулийн Хорнадагийн ХАА-н эрдэм шинжилгээний хүрээлэн зэрэг хэд хэдэн гол байгууллага оролцож хамтран ажиллаж байна. Одоогоор бэлчээрийн мониторингийн арга зүйг боловсронгуй болгох, нэгдсэн ойлголтод хүрэх, судалгаа, мэдээ материалын дутагдалтай талыг олж тогтоох, үндэсний хэмжээнд бэлчээрийн мониторинг хийх стратеги боловсруулах зорилготой хамтарсан уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулаад байна. Бэлчээрийн мониторингийн нэгдсэн арга зүйтэй болсноор үнэлгээний зөрүүтэй байдал арилж, бодлогын тодорхой арга хэмжээ авах боломжтой болох юм.