Их Тамираар овоглосон бүтээгдэхүүн нэгээр нэмэгдлээ
“Ногоон Алт” хөтөлбөрийн санаачилгаар байгуулагдсан “Монгол сарлаг” нийгэмлэгийн үйл ажиллагааны гол чиглэлийн нэг нь Монголын сарлаг үржүүлэгчдийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд сарлагийн хөөврийн үнэлэмжийг дээшлүүлж, хөөврөн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоод, гадаадын зах зээлд гарган борлуулахад нь шинэ технологи, маркетинг, менежментийн дэмжлэг үзүүлэх явдал юм.
Энэ зорилгоор Монгол сарлагийн 1/3 хувийг өсгөн үржүүлдэг Архангай аймгийн Их Тамир суманд “Сарлагийн хөөврийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв”-ийг байгуулан 2008 оны 5 дугаар сарын 5-нд нээлтээ хийлээ. Сарлагийн хөөврийг технологийн дагуу зөв бэлтгэж чадвал ямааны сайн чанарын ноолууртай дүйцэхүйц чанартай бүтээгдэхүүн болдгоороо олон улсын зах зээлд үнэлэгдэж байгаа билээ.
“Ногоон Алт” хөтөлбөрөөс 2006, 2007 онд “Сарлагийн хөөврийг самнаж бэлтгэх технологид сургах” сургалтыг явуулсан нь сургалт үйлдвэрлэлийн төв байгуулах угтвар болсон. Тус төвийн цехэд утас ээрэхээс бусад бүх дамжлагыг гүйцэтгэх машинууд суурилуулсан бөгөөд “Монгол сарлаг” нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ц.Хишигжаргалын ярьснаар энд байгаа угаах машин нь хөөврийг 3 дамжлагаар угааж ямааны ноолуур шиг зөөлөн чанартай болгодог байна. Мөн сүлжих, эсгэх, оёх машинууд суурилуулжээ.
Төвийн нээлтэнд оролцож үйл ажиллагаатай нь танилцан, энд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний дээжээр гаргасан үзэсгэлэнг сонирхсон хүмүүс цаашид цехийн үйл ажиллагааг дэмжиж, өргөжүүлэх нь ажлын байр болон малчдын орлого нэмэгдэхэд ихээхэн нэмэр болох тухай мөн сум бүрт ийм төрлийн жижиг, дунд үйлдвэр байгуулах нь маш үр дүнтэй ажил болох юм хэмээн ярьцгааж байлаа.