Шинэ мэдээ

Малчид бэлчээрийн асуудлаар санал солилцож, туршлагаа хуваалцав

Архангай аймгийн Газрын албанаас “Ногоон Алт” хөтөлбөр, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газартай хамтран “Бэлчээрийн газрын ашиглалт, хамгаалалтыг төлөвлөж хэрэгжүүлэх нь” сэдэвт сургалт семинарыг 2008 оны 5 сарын 5-6-ны өдрүүдэд Цэцэрлэг хотод зохион байгуулж Архангай аймгийн бүх сумын засаг дарга, газрын даамал, 213 бэлчээр ашиглалтын хэсгийн ахлагч болон ГХГЗЗГ, аймгийн удирдлага, төсөл, хөтөлбөрүүдээс нийт 300 гаруй хүн оролцлоо.

Сургалтын эхний өдөр өнгөрсөн жилийн бэлчээрийн газрын төлөвлөлт, төлөвлөгөөний хэрэгжилт болон цаашид энэ ажилд малчид болон бусад талуудын оролцоо ямар байх талаар хэлэлцсэн бол дараагийн өдөр нь “Ногоон алт” хөтөлбөр хэрэгжиж буй Их Тамир сумын туршлагатай танилцлаа. Мөн Их Тамир суманд шинээр байгуулагдаж буй “Сарлагийн хөөврийн сургалт-үйлдвэрлэлийн төв”-ийн нээлтэнд оролцож, бэлчээр сайжруулах талаар хийж буй туршилтууд, малчдын бэлчээр ашиглалтын хэсгүүдийн үйл ажиллагаа, сумын түвшинд бэлчээрийн хамтын менежментийн үйл ажиллагаа хэрхэн зохион байгуулагдаж байгаатай газар дээр нь танилцан харилцан саналаа солилцсон юм.

Их тамир сумын Бугат багийн “Ишгэнт” хэсгийн бэлчээрийг төлөвлөгөөтэй сэлгэж, өнжөөж ашиглаж байгаа болон хадлангийн газрыг хашиж хамгаалснаар арвин хадлан бэлтгэхийн зэрэгцээ цаг хүндэрсэн үед нөөц бэлчээр болгон ашиглаж буй туршлагууд нь оролцогчдод шинэ санаа, урам зориг өгсөн үйл ажиллагаа болсон юм.

Back to top button