Монгол сарлаг нийгэмлэг Европын холбооны улсуудтай хамтран ажиллана
Итали улсын Хөдөө аж ахуй, газар тариалан, ой үржүүлгийн бодлогын яам, Мал үржүүлгийн туршилтын хүрээлэнгээс сарлаг судлалын чиглэлээр хийсэн гурван жилийн ажлын тайлангийн хурал 2008 оны 2-р сарын 1-2нд Италид болов.
Хуралд Итали, Герман, Швейцари, Чех, Монгол улсаас 200 гаруй төлөөлөгч оролцсон юм. Хурал нь сарлагийн аж ахуйн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх асуудалд түлхүү анхаарсан болно.
Монгол улсаас “Монгол сарлаг” нийгэмлэгийн тэргүүн Ё.Загдсүрэн, гүйцэтгэх захирал Ц.Хишигжаргал нар оролцож “Монголын сарлагийн аж ахуйн өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдэвт илтгэл тавьсан нь хуралд оролцогсдын анхаарыг ихэд татжээ. Уг илтгэлд Монгол сарлагийн аж ахуй эрхэлж байсныг Марко Поло, Плано Карпини нар 800 жилийн тэртээ аян замын тэмдэглэлдээ бичиж үлдээсэн тухай, мөн монгол сарлагаар Европын орнуудын сарлагийг сайжруулах боломж байгааг дурьдсан юм. Тэрчлэн монголын сарлагийн аж ахуйн өнөөгийн байдал, тулгамдсан зорилт, хөгжлийн хэтийн төлвийг дэлгэрэнгүй танилцуулжээ.
Төлөөлөгчид Монгол сарлагийн генийг ихээхэн сонирхож үржлийн материал нийлүүлэх боломжийн талаар харилцан ярилцжээ.
Энэ хуралд оролцсоноор Монголд сарлагийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр Европын Холбооны Улсуудтай хамтран ажиллах эхлэл тавигдлаа.