Монголын Бэлчээрийн Менежментийн Холбоо байгуулагдлаа
2007 оны 5 дугаар сард байгуулагдсан “Монголын бэлчээрийн менежментийн холбоо” (МБМХ) нь нийгэмд үйлчилдэг, гишүүнчлэлтэй, ашгийн төлөө бус, төрийн бус байгууллага юм.
МБМХ-ны эрхэм зорилго нь Монгол Улсын бэлчээрийн газрыг зохистой ашиглах, хамгаалах тогтвортой менежментийг төлөвшүүлэх үйлсэд малчид, төрийн, төрийн бус болон сургалт, эрдэм шинжилгээний байгууллага, олон улсын төслүүд зэрэг бусад оролцогч, дэмжигчдийн үйл ажиллагааг уялдуулж нэгтгэн зохион байгуулах замаар малчдын амьжиргааг дээшлүүлэх, хөдөөгийн хөгжлийг хангахад зохих хувь нэмэр оруулахад оршино.
Холбоо нь үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж бэлчээрийн менежментийн өнөөгийн чиг хандлага, бэлчээрийн төлөв байдлын талаархи судалгаа шинжилгээний ажлын үр дүнг нийтэд хүртээмжтэй болгох, бэлчээр сайжруулах шинэ технологийг сурталчлан таниулах зорилго бүхий “Бэлчээр – Ногоон Алт” сонинг тогтмол гаргах ба интернетэд өөрийн веб хуудсыг нээн ажиллуулах юм. Үүнээс гадна:
-
Бэлчээрийн менежменттэй холбогдсон төрийн бодлого, хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгоход чиглэсэн санал, зөвлөмж боловсруулах ажлыг оролцогч талуудын оролцоонд тулгуурлан зохион байгуулах,
-
Бэлчээрийг зохистой ашиглах, эзэмших, хамгаалахад чиглэгдсэн малчдын хамтын үйл ажиллагааг дэмжиж, тэдэнд арга зүй, менежментийн зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлэх,
-
Бэлчээрийн менежмент, экологийн боловсрол олгох, малчдын орлого нэмэгдүүлэх, амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр тэдэнд зориулсан сургалтын хөтөлбөр боловсруулж, сертификаттай сургалт явуулах,
-
Малчдын эрх ашгийг хамгаалах сайн дурын байгууллага, нийгэмлэг, нөхөрлөл, холбоог үүсгэн байгуулахад арга зүй, холбогдох мэдээллээр хангах,
-
Бэлчээрийг урт хугацаанд тогтвортой үр ашигтай ашиглах боломж, нөхцөл, менежментийн бодлогыг тодорхойлоход чиглэгдсэн судалгаа шинжилгээний ажлыг салбарын эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор хийх,
-
Олон улсын ижил зорилготой байгууллагуудтай холбоо тогтоон хамтран ажиллах, бэлчээр судлалын эрдэмтэд, судлаачдын судалгааны ажлыг хөхүүлэн дэмжиж мэргэжлийн хувьд өсөж дэвжихэд нь туслалцаа үзүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулах юм.
Холбооны үйл ажиллагааг дэмжигч иргэд, байгууллагын хүрээг нэмэгдүүлэх, тэдгээрийн татвар, хандив, тусламжийг бэлчээр сайжруулахад нэн шаардлагатай ажилд зориулан зарцуулах зорилгоор гишүүнчлэлтэй байх ба байгууллага, хамт олон, хувь хүн холбооны гишүүн байж болно.
Саяхан хуралдсан холбооны удирдах зөвлөлийн хурлаар дүрэмд орсон зарим өөрчлөлтийг дэмжин баталсны дээр 2008 онд хийх ажлын төлөвлөгөөг мөн хэлэлцэн баталлаа. Үүнд олон улсын Бэлчээр судлалын их хурлын төлөөлөгчдөд зориулсан аялал зохион байгуулах, “Нутгийн иргэдэд тулгуурласан байгалийн нөөцийн менежмент” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах, “Бэлчээр-Ногоон Алт” сонин бэлтгэн гаргах зэрэг болон бусад ажлуудыг төлөвлөөд байна.
Удахгүй холбооны үйл ажиллагааны зорилго, чиглэлийг олон нийтэд хүргэх хэвлэлийн бага хурал зохион байгуулах гэж байна.