Непал оронд зорчсон тэмдэглэл
Сумын бэлчээрийн хамтын менежментийн хороодыг төлөөлж Завхан аймгийн Тэлмэн сумаас А.Даваадорж, Дундговь аймгийн Өлзийт сумаас И.Эрдэнэбилэг нар Непал оронд зохион байгуулсан туршлага судлах аялалд оролцоод ирлээ.
Тэд аяны богцоо задалж өөрсдийн нүдээр харж, гараар барьж үзсэн зүйлсийнхээ талаар бидэнд сонирхууллаа.
Непал улс нь нутгийн иргэдэд тулгуурласан хөгжлийн үзэл баримтлалыг амжилттай хэрэгжүүлж байгаа газруудын нэг юм. Энд ой ашиглагчдын бүлэг, эмэгтэйчүүдийн бүлэг, тоосго үйлдвэрлэгчдийн бүлэг гэх мэт орон нутгийн бүлэг хэсгүүд байгуулагдан Непал орныхоо хөгжлийн төлөө гар сэтгэл нийлэн ажилладаг байна.
Дээрх зурагт Непалын ард түмний 30-аад жилийн хөдөлмөрийн үр дүн харагдаж байна. “Непалчуудын нэгдэж ажиллахад Швейцарийн хөгжлийн агентлагаас нэвтрүүлсэн идэвхжүүлэгч хэмээн нэрлэгдэх хүний үүрэг нөлөө их бөгөөд бид өөрсдийн бэлчээр ашиглалтын хэсэг, малчдын холбооны үйл ажиллагаа, нэр хүндийг өргөхөд хэрэгжүүлэхүйц туршлага байлаа” гэж сургалтад оролцсон А.Даваадорж, И.Эрдэнэбилэг нар ярьсан юм.