Хөтөлбөр хэрэгжиж байгаа зарим сумдад сайн үүлдрийн малын цөм сүрэг бий болгох ажлын эхлэл тавигдлаа
Тус хөтөлбөрийн малын үүлдэр угсаа сайжруулах ажлын хүрээнд мал аж ахуйн зөвлөх доктор Ё.Загдсүрэн 2007/10/01-09-нд Дундговь аймгийн Өлзийт, Төв аймгийн Өндөрширээт сумдад махны хонь, сүүний ямааны цөм сүрэг бүрдүүлэх ажлыг эхлүүлээд ирлээ.
Дундговь аймгийн Өлзийт сумын “Өөшийн өгөөж”, Төв аймгийн Өндөрширээт сумын “Түмэн мал” ТББ-ын ажилтнуудтай хамтран энэ ажлыг тогтоосон хугацаанд амжилттай гүйцэтгэлээ. Юуны өмнө малчин өрхүүдээс сүргийн дунджаас амьдын жингээрээ 10-15 хувиар илүү 50-100 хээлтэгч худалдан авч ердийн хээлтүүлгийн ажлыг үзэмчин, барга үүлдрийн хуцаар явуулав.
“Өөшийн өгөөж” ТББ-д сүүний ямааны цөм сүрэг бий болгох зорилгоор БНКУ-аас тусламжаар ирсэн “Альпина”, “Тоггенбург” сүүний үүлдрийн ямааны гүн хөлдөөсөн үрээр зохиомол хээлтүүлгийн ажлыг зохион байгуулав. Энэ ажил үр дүнтэй болж, малчдаас захиалга хүсэлт ирвэл хөтөлбөр хэрэгжиж байгаа бусад сумдад мах сүүний чиглэлийн үхэр, хонь, ямааны үрээр мал сүргийг нь сайжруулах бүрэн боломж бий. Малын удмын сангийн төвд гадаадын өндөр ашиг шим бүхий төрөл бүрийн үүлдрийн малын сайн чанарын үр ирээд байна.
Мөн тус сумдын ТББ-дын мэргэжилтэн, малчдад хээлтүүлэг явуулах, бүртгэл хөтлөх, мал өвөлжүүлэх, хаваржуулах, төл хүлээн авах, бойжуулах, хээлтүүлэгч тавих сургалтыг явуулжээ.