Шинэ мэдээ

“Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд оролцлоо

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа 2007 оны 9-р сарын 21-ээс 28-ны өдрүүдэд “Мишээл Экспо” төвд явагдаж өндөрлөлөө.

Үзэсгэлэн худалдаанд тус хөтөлбөрийг төлөөлөн Тэжээлийн Ургамлын Үр Үйлдвэрлэгчдийн Холбоо амжилттай оролцлоо. Энэ үеэр тэжээлийн нэг ба олон наст ургамлын 26 сорт дээжийн үр, 13 зүйл ургамлын багц дэлгэн үзүүлсний дотор манай орны нөхцөлд анх удаа Ховд аймгийн Буянт суманд тариалж ургуулсан эрлийз судан өвсний 2.60 м өндөр багц олны сонирхлыг ихээхэн татаж байсан юм.

Мөн тэжээлийн нэг ба олон наст ургамлуудыг тариалах, дарш хийх зөвлөмж, олон наст ургамлын үрийг гараар түүх, комбайнаар хураах заавар, олон наст ургамлын үр үржүүлэх жижиг аж ахуйн загвар зэрэг 19 төрлийн 2000 гаруй хуудас хэвлэмэл материал тарааж “Тэжээлийн олон наст ургамлын үр үржүүлэг” богино хэмжээний видео киног үзүүлэн нийт 1000 гаруй хүнд үйлчиллээ.

Back to top button