“Монгол сарлаг” нийгэмлэг байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэллээ
2007 оны 08-р сарын 29-нд тус хөтөлбөрийн дэргэд “Монгол сарлаг” нийгэмлэг байгуулагдлаа. Тус нийгэмлэгийн үүсгэн байгуулагчдын хурлаар удирдах зөвлөлийн даргаар доктор Ё.Загдсүрэн, гүйцэтгэх захирлаар Ц.Хишигжаргал нарыг томилж үйл ажиллагааг эхлүүлэв.
“Монгол сарлаг” нийгэмлэгийн эрхэм зорилго нь Монголын сарлаг үржүүлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх, мах, сүү, хөөврийн ашиг шим арвинтай сарлагийн цөм сүргүүдийг бүс нутгуудад бий болгох, тэдгээрийг гарвал, ашиг шимийн бүртгэл мэдээллээр хангах, сарлагийн аж ахуйн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн дотоод, гадаадын зах зээлд өргөн сурталчлан, борлуулахад шинэ технологи, маркетинг, менежментийн орчин үеийн арга ажиллагааг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ.
Дээрх зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах үйл ажиллагааг явуулна:
-
Сарлаг үржүүлэгчдийн орлогыг нэмэгдүүлэхэд шаардлагатай сайн чанарын мах, сүү, хөөврийн ашиг шим, онцгой зүстэй сарлагийн цөм сүргүүдийн бүртгэлийн систем, мэдээллийн сан, сүлжээг бий болгох, сурталчлах
-
Сарлагийн сонгон үржүүлгийг шинжлэх ухааны үндэстэй явуулах арга зүй, гарын авлагыг боловсруулж, сарлаг үржүүлэгчдэд өргөн хүрээтэй сурталчлах
-
Үржлийн шилмэл болон таваарын сарлаг үржүүлэгчид, боловсруулах үйлдвэрийнхэн, эрдэм шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх
-
Бүс нутгуудад шилмэл сарлаг үржүүлэгчдийн үзэсгэлэн, худалдаа зохион байгуулж сурталчлах
-
Үндэсний болон олон улсын холбогдох байгууллага, нийгэмлэгт элсэх, хамтын ажиллагаанд оролцох, хамтарсан судалгаа, төсөл хэрэгжүүлэх
-
Сарлаг үржүүлэгчдийг зах зээлийн мэдээллээр хангах, ололтыг нэвтрүүлэх, тэдэнд мэргэжлийн туслалцаа үзүүлэх
-
Сарлагийн хөөврийг бэлтгэх, боловсруулах чиглэлийн бүх төрлийн мэргэжлийн сургалт – үйлдвэрлэл, судалгаа, зөвлөлгөө өгөх төв байгуулж ажиллуулах
-
Сарлагийн хөөврийн чанартай уялдсан үнийн урамшлыг бий болгож, мэдээлж байх
-
Онцгой чанарын үржлийн сарлаг бий болгосон, сарлагаас гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулж, дотоод, гадаадын зах зээлд нийлүүлэх, сурталчлахад онцгой гавъяа байгуулсан эрдэмтэн судлаачид, малчид, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг төрийн дээд одон медаль, бусад шагналд тодорхойлж шагнуулж, урамшуулах арга хэмжээ авах
Тус нийгэмлэг нь Монголын сарлаг үржүүлэгчид болон сарлагийн түүхий эдээр төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч дотоод гадаадын аж ахуйн нэгж, эрдэм шинжилгээний байгууллагуудтай холбоо тогтоож эхлээд байна. Тухайлбал:
– “Гоёо “компани
– Эрдэнэтийн “Натур Альпа” компани
– Германы “Yak. Co”
– Европын Холбооны “Hess Nature”
– Энэтхэгийн “National Center for Yak”
– Швейцарийн сарлаг үржүүлэгчдийн холбоо
Сонирхсон байгууллага, хувь хүмүүс бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна.