Ногоон алт төслөөс “Сарлагийн хөөврийг технологийн дагуу самнаж бэлтгэх сургалт”-ыг Баянхонгор, Завхан, Ховд аймгийн 8 сумын 160 гаруй малчинд 4-р сарын 3-14-нд явууллаа. Сарлагийн хөөврийг самнах, ангилан ялгах, савлах арга технологийг талбайн сургалтын хэлбэрээр зааж сургав.
Малчид сарлагийн хөөврөө самнаж бэлтгэн, ченжүүдээр дамжуулан борлуулдаг ч үйлдвэрлэгчдийн тавьдаг чанар, стандартад нийцүүлэн самнаж, өнгө, чанараар нь ангилан ялгалт хийж савладаггүй, мөн ганц нэгээрээ юм уу цөөн хэсэг өрхөөрөө нийлэн худалддаг байснаас хангалттай үнэд хүрч, ашгийг нь хүртэж чаддаггүй. Иймээс “Ногоон алт” төсөл дотоодын үйлдвэрлэгчидтэй гэрээ хийн, энэ жил Сумын бэлчээр ашиглагчдын холбоодынхоо дэргэд байгуулсан бизнесийн хоршоодоор дамжуулан малчдын бэлтгэсэн сарлагийн хөөврийг зах зээлийн ханшаар худалдан авч, анхан шатны боловсруулалт хийсэн ханшаар борлуулаад гарсан ашгийн 70 хувийг дахин малчдад олгохоор төлөвлөн ажлаа эхэллээ.
“Бидний өсгөн үржүүлдэг сарлагаас гардаг хөөврөөр гадаад, дотоод зах зээлд маш үнэтэй, тансаг бүтээгдэхүүн хийдэг юм байна. Тиймээс бидний гарт энэ бүтээгдэхүүний чанар, үнэ яаж өсөх буурах хариуцлага бас байх л учиртай юм гэдгийг сургалтаас мэдэж авлаа. Ингэснээр орлогоо ч бас нэмэгдүүлэх том боломж байна шүү” гэж Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын хэсгийн ахлагч Улаанхүү хэллээ.
Дашрамд сонирхуулахад чанар стандартын дагуу бэлтгэсэн хөөврийг үйлдвэрүүд их хэмжээгээр нь зах зээлийн үнээс илүү үнээр худалдан авах сонирхолтой байдаг нь үйлдвэрлэлийн шат дамжлага багассантай холбоотой байдаг байна.