“Бэлчээрийн залуу судлаачдын клуб”-ээс зохион байгуулдаг уламжлалт эрдэм шинжилгээний бага хурлын энэ жилийн ээлжит хуралдаан “Бэлчээрийн судалгаа-шинэ үеХамтын хөгжил” нэртэйгээр 2011 оны 2-р сарын 8-нд Монголын Бэлчээрийн Менежментийн Холбооны хурлын танхимд боллоо. Энэ удаагийн хурлыг МААЭШХ-ийн 50 жилийн ойн хүрээнд тус хүрээлэнгийн Бэлчээр, тэжээлийн сектортой хамтран зохион байгуулсан.

Сүүлийн жилүүдэд залуу судлаачдад мэдээлэл өгөх, мэдлэгийн хүрээг тэлэх үүднээс эрдэм шинжилгээний бага хурлын өмнө сургалт-семинарыг хамт хийж байгаа бөгөөд энэ жилийн хувьд “Бэлчээрийн менежментийг боловсронгуй болгоход эко-потенциаль, экологийн талбарыг тодорхойлохын ач холбогдол” сэдвээр МБМХ-ны Судалгаа технологийн албаны дарга Д.Булгамаа илтгэл тавьж, тус албаны судлаач У.Будбаатар “Экологийн чадавхид тулгуурласан бэлчээрийн эрүүл мэндийн судалгааны дүнгээс” танилцууллаа. Мөн 2010 онд Исланд улсад доройтсон газрын нөхөн сэргэлтийн 6 сарын сургалтанд хамрагдаад ирсэн Дархан дахь ХААИС-ийн салбарын багш П.Содгэрэл тус сургалтын талаар мэдээлэл хийлээ.

Эрдэм шинжилгээний бага хуралд нийт 18 илтгэл ирүүлсэн боловч энэ удаагийн хуралд илтгэгчдийн ирц нэлээд хангалтгүй байснаас цөөн илтгэл хэлэлцэгдсэн тул шагналт байрын тоог цөөрүүлсэн болно. Хуралд хэлэлцэгдсэн илтгэлүүд:

1. Ухаа худаг орчмын ургамлан нөмрөг, түүний экологи, эдийн засгийн үнэлгээ, А.Ганцэцэг, ХААИС, УНБҮ-III дамжааны оюутан,
2. Дорнод - Монголын талын хялгана-алаг өвст бэлчээрийн бүтээмжийг судалсан судалгааны дүнгээс, Б.Баярмаа, МБМХ-ны судлаач,
3. Бэлчээр зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах арга зүй, мэдээллийн сангийн харьцуулсан судалгааны дүнгээс, Н.Ганхуяг, МБМХ-ны ажилтан,
4. Атаршсан тариалангийн талбайд таримал хадлан бий болгох туршилтын ажлын дүнгээс, Ч.Мөнхбат, МААЭШХ-ийн ЭША,
5. Нутгийн сибирь өлөнгийн дээжүүдийн аж ахуй, биологийн зарим онцлог, П.Сүхбаатар, МААЭШХ-ийн ЭША,

Илтгэлийг шинжлэх ухааны онолын үндэслэл, судалгааны арга зүй, практик ач холбогдол, судлаачийн илтгэх ур чадвар зэргийг харгалзан шалгаруулахад:

Хоёрдугаар байрыг МААЭШХ-ийн судлаач П.Сүхбаатар "Нутгийн сибирь өлөнгийн дээжүүдийн аж ахуй, биологийн зарим онцлог",
Гуравдугаар байрыг МБМХ-ны судлаач Б.Баярмаа "Дорнод - Монголын талын хялгана-алаг өвст бэлчээрийн бүтээмжийг судалсан судалгааны дүнгээс",
Тусгай байрыг ХААИС-ийн УНБҮ-III дамжааны оюутан А.Ганцэцэг “Ухаа худаг орчмын ургамлан нөмрөг, түүний экологи, эдийн засгийн үнэлгээ” сэдэвт илтгэлүүдээрээ тус тус эзэллээ.

Хурлын хөтөлбөр
2011 оны илтгэлүүдийн товхимол