Бүрэн найрлагат эрдэс тэжээлийн үйлдвэр байгуулахад малчид хөрөнгөө хоршлоо
Хангайн бүсийн төрөл бүрийн малын ашиг шимийг бага боловч нэмэгдүүлэх, хүйтний улиралд тэдгээрийн амьд жингийн бууралтыг багасгах, улмаар малчин олны тогтвортой амьжиргааг сайжруулах үүднээс Монголын Бэлчээрийн Менежментийн Холбоо эрдсийн шахмал тэжээлийн цехийг Архангай аймгийн Ихтамир суманд байгуулж, малчдад зориулан үйлдвэрлэл үйлчилгээ явуулах ажлыг эхлүүлээд байна. Энэ үйлдвэрийг байгуулахад Ихтамир сумын БАХ-ийн малчид хандив оруулжээ.
Ихтамир суманд үйлдвэрлэж буй эрдсийн шахмал тэжээлийн давуу тал
- Хангайн нурууны бүс нутагт байдаггүй буюу маш ховор эрдсээр баяжуулсан.
- Малд өгдөг уламжлалт хужир, шүү, давсыг бодвол энэхүү шахмал тэжээл нь салхи, цас, бороо, малын хөлд төдийлөн үрэгддэггүй.
- Энэхүү эрдсийн шахмал тэжээлийг хэрэглэснээр нутгийн үхэр, сарлагийн үнээний сүүний гарцыг 15-20 хувь, амьд жинг мөн хэмжээгээр нэмэгдүүлэх боломжтой бөгөөд аль ч төрлийн малын намрын амьд жингийн бууралт өвөл, хаврын улиралд 10-аас доошгүй хувиар багасдаг нь туршлагаар нотлогдсон.
Тус үйлдвэр ажлын 100 өдөрт 60-70 тонн тэжээд үйлдвэрлэх хүчин чадалтай.
Туршилтын дүнгээс харахад хургатай хонь хяналтын хэсгээсээ 9.2 хувиар илүү таргалж, ноосны гарц 16.8 хувь дээшилсэн төдийгүй хурганы амьд жин 13.5 хувиар давуу болсон байна.
Манай малчид давс, хужир, шүүг мал сүрэг, ахуйдаа хэрэглэж ирсэн уламжлалтай. Эрдэс тэжээл элбэгтэй нутгийн мал өсгөлүүн, өвөл, хаврын улиралд амьд жингээ бага алдаж онд мэнд ордог, урин дулааны улиралд тарга хүчээ илүү авдаг онцлогтой. Иймээс малчид хужир, шүү мал таргалуулахад ташуур, турахад тушаа хэмээн үзэж иржээ.
Эрдэмтдийн судалж тогтоосноор малын биед 11 төрлийн үлэмж язгуур махбод (макроэлемент), 65 төрлийн бичил язгуур махбод (микроэлемент) биологийн чухал үүрэгтэй оролцдог бөгөөд эдгээр эрдэс бодис эс, эд, эрхтэнд нэг талаар тодорхой тун хэмжээтэй агуулагдаж, нөгөө талаар хоорондоо нарийн харилцаатай хам үйлчилдэг ажээ. Зайлшгүй хэрэгцээт үлэмж ба бичил язгуур махбодын аль нэг нь дутах юмуу илүүдвэл амьтны бодисын солилцоо хямарч өсөлт хөгжилт, ашиг шим нь саарч улмаар эмгэг үүсгэдэг аж. Мал сүрэг дээрх олон янзын химийн бодисын заримыг нь ус, бэлчээрийн ургамал, зүйл зүйлийн тэжээлээс, нөгөө хэсгийг нь байгалийн давс, хужир, шүүнээс авч хэрэглэдэг байна. Хужирт нүүрсхүчлийн натрийн давс, шүүнд хүхэр хүчлийн натрийн давс, давсанд хлорт натри баялаг бол бусад олон эрдэс огт байдаггүй буюу байгаа нь төрлийн хувьд цөөн, тун хэмжээгээр бага аж.