“Ногоон алт” төслийн Удирдах Зөвлөл хуралдлаа
“Ногоон алт” төслийн удирдах Зөвлөлийн хурал 2010 оны 01-р сарын 21-нд ХХААХҮЯ-ны хурлын танхимд боллоо.
Хурлаар НА төслийн 2009 онд хийсэн ажлын тайлан, 2010 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, цаашдын ажлын үндсэн чиглэлийг хэлэлцэж батлав.
ХХААХҮЯ-ны Сайдын тушаалаар төслийн Удирдах Зөвлөл 7 гишүүнтэй байсныг 11 хүний бүрэлдэхүүнтэй болгож, ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга П.Ганхуягаар ахлуулахаар боллоо. УЗ-ийн бүрэлдэхүүн:
- П.Ганхуяг /ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга/;
- Феликс Феллман /Швейцарийн хөгжлийн агентлагийн Монгол дахь суурин төлөөлөгч/,
- Б.Хүрэнбаатар /СЯ-ны Зээл, тусламжийн бодлого, хамтын ажиллагааны газрын дарга/,
- Ж.Даваабаатар /Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын Газар зохион байгуулалт, газар өмчлөлийн хэлтсийн дарга/,
- С.Энхтүвшин /Ус цаг уур, орчны шилжилгээний газрын дарга/
- Банзрагч /БОАЖЯ-ны Тогтвортой хөгжил, стратегийн газрын дарга/,
- П.Эрдэнэжаргал /ХХААХҮЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга/,
- Сувдаа /ХХААХҮЯ-ны Стратеги төлөвлөлтийн газрын МАА-н бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн/
- С.Диваангар /ХХААХҮЯ-ны Мэдээлэл, хяналт үнэлгээний газрын МАА, мал эмнэлгийн мониторингийн асуудал хариуцсан мэргэжилтэн/
- Б.Авирмэд /Төв аймгийн Өндөрширээт сумын малчин/,
- Сэнгээ /Архангай аймгийн Их тамир сумын ИТХ-ын дарга/
Хурлыг ХХААХҮЯ-ны МАА-н газрын ахлах мэргэжилтэн Мэнджаргал удирдаж, УЗ-ийн гишүүдээс гадна ШХА-ийн Төслийн Үндэсний зохицуулагч Ц.Энх-Амгалан, ШХА-ийн ажилтан Г.Билгүүн, ШХА-ийн Мал аж ахуйн төслийн зохицуулагч Батсайхан, Ус цаг уур, орчны шилжилгээний газрын орлогч дарга Ч.Содролцоо, ХХААХҮЯ-ны Мэдээлэл, хяналт үнэлгээний газрын ажилтан Сонгууль нар оролцлоо.
“Ногоон Алт” төслийн 2009 оны ажлын тайлан, 2010 онд хийх ажлын төлөвлөгөөг төслийн зохицуулагч доктор, профессор Д.Дорлигсүрэн танилцуулав.
- Тайлангийн хугацаанд НА төслөөс шинээр олон суманд үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх шаардлагатай болсон ч өөрийн туршлага, мэдлэг, хүний нөөцөд тулгуурлан тавьсан зорилтоо хэрэгжүүлсэн байна. Төслийн I үе шат хэрэгжсэн сумдад бэлчээрийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэн үйл ажиллагаагаа өргөтгөн, бие даасан байгууллага болон хөгжиж байна. Төслийг цаашид амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай нийгэм-эдийн засгийн судалгааг хийснээр дараагийн шатны зорилт, үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэхэд дөхөмтэй болжээ. Бэлчээрийн хяналт, үнэлгээний систем бүрдүүлэхээр УЦУОШГ-тай хамтран хийсэн эхний ажлууд үр дүнтэй боллоо. Бэлчээрийн талаархи хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор НА төсөл хэрэгжүүлсэн туршлагадаа үндэслэн “Бэлчээрийн тухай” хуулийн төсөл, үзэл баримтлалыг боловсруулан хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хэлэлцүүлэг явуулж байна.
- 2010 онд төслийн үндсэн 4 зорилтын хүрээнд төлөвлөж байгаа гол ажлууд нь бэлчээрийн технологийн туршилт, судалгаа явуулах, бэлчээрийн хяналт үнэлгээний үндэсний мониторингийн систем бүрдүүлэх, малчдын нийгэм-эдийн засгийн болон махны маркетингийн судалгаа явуулах; “Бэлчээрийн тухай” хуулийн төслийг боловсруулан олон нийтээр хэлэлцүүлж, төрийн эрх бүхий байгууллагад хүргүүлэх; Малчдын талаар төрөөс баримтлах бодлогод тусгагдсан малчдын өөрөө өөрийгөө удирдах байгууллагыг зохион байгуулах, чадавхижуулах ажлыг хэрэгжүүлж эхлэх; Малчдын орлого нэмэгдүүлэх, МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний маркетингийн сүлжээ боловсронгуй болгох ажлууд юм.
Хурлаар ШХА-аас хэрэгжүүлж буй “Ногоон Алт” төслийн 2009 оны ажлын тайлантай танилцаад өнгөрсөн хугацаанд тус хөтөлбөр малчдын амьжиргааг дээшлүүлэх, бэлчээрийн ашиглалт, хамгаалалт, менежментийг боловсронгуй болгох, бэлчээрийн талаархи хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлжээ гэж дүгнээд Ногоон Алт төслийн 2010 онд хийх ажлын төлөвлөгөөг Удирдах Зөвлөлийн гишүүд 100%-ийн саналаар батлав.