Шинэ мэдээ

“Шилдэг Газрын Алба” шалгарлаа

Газрын харилцаа геодези зурагзүйн газраас “Ногоон Алт” хөтөлбөртэй хамтран бэлчээрийн доройтол талхагдлыг бууруулах, түүнийг зүй зохистой ашиглах зорилгоор “Сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-г боловсруулж хэрэгжүүлэх ажлыг үлгэр жишээ зохион байгуулсан “ШИЛДЭГ ГАЗРЫН АЛБА” шалгаруулах болзолт уралдааныг 2007 оны 05-р сарын 15-аас эхлэн үндэсний хэмжээнд зарласан юм.

Уралдааны нэгдүгээр шатыг дээрх байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг дүгнэж шалгаруулахдаа ирүүлсэн тайлан материалаас гадна шалгарсан Газрын албадын үйл ажиллагаатай очиж танилцлаа.

Уг төлөвлөгөөг малчид орон нутгийн иргэдийн оролцоонд тулгуурлан боловсруулахаар тусгасан бөгөөд бүх сумаа хамруулсан байдал, төлөвлөгөөний баталгаажилт, бэлчээр ашиглалтын хэсгүүдийн үйлдсэн зураглал, түүний хэрэглээ зэрэг нийт 10 үзүүлэлтээр шалгаруулахад 84,4 оноогоор Архангай аймаг I байр, 82,8 оноогоор Хөвсгөл аймаг II байр, 80,7 оноогоор Булган аймаг III байранд тус тус шалгарлаа.

Уралдааны нэгдүгээр шатанд 15 аймгаас ирүүлсэн материалыг нэгтгэж үзэхэд 15 аймгийн 183 сумын нутаг дэвсгэрийг 2319 бэлчээр ашиглалтын хэсэгт хуваан, 2319 хэсгийн ахлагчийг сумын Засаг даргын захирамжаар батлан зохион байгуулж, дээрх бэлчээр ашиглалтын хэсгүүдэд 2002 малчны бүлэг, 77133 малчин өрх хамрагдаж, 47669 өвөлжөө, 33680 хаваржаанд хонин толгойд шилжүүлснээр 38,9 сая толгой малтай байгаа дүн гарлаа.

Сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэхэд аймгуудын Газрын Алба, сумдын газрын даамлуудын оролцоог идэвхжүүлэхэд энэхүү уралдааны зорилго оршиж байгаа бөгөөд төгсгөлийн шалгаруулалтыг 2008 оны эцэст явуулахаар төлөвлөлөө.

Back to top button