Бэлчээрийн төлөв байдлыг тодорхойлох шинэ арга зүйг туршлаа
Монгол орны бэлчээрийн төлөв байдал, шинж чанарыг бэлчээрийн эрүүл ахуйн зэрэглэлийг тогтоодог 17 шалгуур үзүүлэлтээр тодорхойлох боломж байна.
Энэ нь хөрс, ус, амьд биетийн шинж чанарын нэгдмэл үнэлгээнд үндэслэн тухайн бэлчээрийн төлөв байдал, цаашдын өөрчлөлтийн чиг хандлагыг харьцангуй богино хугацаанд үнэлэхэд чиглэсэн арга бөгөөд 1598 оноос АНУ-ын эрдэмтдийн явуулсан уйгагүй судалгаа туршилтын үр дүн юм. Уг аргыг АНУ, Японд хэрэглэж байна.
Экологийн бүсээс хамааран шалгуур үзүүлэлтүүдээс тохиромжтойг нь сонгон хэрэглэдэг. Тухайлбал хур тунадас багатай хуурай нутагт халцгай газрын хэмжээг, хур тунадас ихтэй газарт бэлчээр доройтоход олшрогч ургамлын эзлэх хэмжээг голлон харгалзана.
Энэ арга зүйн техникийн баримт бичиг, мониторингийн арга зүйг бэлчээрийн чиглэлээр судалгаа явуулдаг хүрээлэн, төслүүд, судлаачидтай хамтран боловсруулж, нэр томьёоны тайлбар, орчуулгын найруулгыг хянан засварлаж нийтийн хүртээл болгосон нь үр дүнтэй ажил боллоо.
2007 оны 9-р сард дээрх арга зүйгээр хээрийн судалгааны ажлыг экологийн өөр өөр бүс нутагт нийт 9273 га талбайг хамруулан гүйцэтгэхэд хэвийн буюу доройтолд өртөөгүй бэлчээр байхгүй болохыг тодорхойллоо.
Судалгаанд оролцсон эрдэмтэд Монгол орны нөхцөлд хэвийн бэлчээрийн загвар үзүүлэлтүүдийг байгалийн бүсүүдээр ялгавартай тогтоох хэрэгтэй, харин энэ үзүүлэлтүүдийг эзэмшүүлсэн жижиг талбайд хэрэглэх нь илүү тохиромжтой гэсэн санал дэвшүүлж байна.
2008 онд дээрх судалгааг үргэлжлүүлж, малчид, мэргэжилтнүүдэд зааж сургах, бэлчээрийн эрүүл ахуйн үнэлгээний ажлын хэсэг байгуулахаар төлөвлөлөө.