Исландын ХААИС-ын доктор хатагтай Инга Свала Жонсдоттир Монголд ирлээ
Исланд улсын Гадаад харилцааны яамны санхүүжилтээр “Доройтсон газрын нөхөн сэргээлт” сургалт энэ оны 8-р сарын 20-оос 10-р сарын 06-нд Исланд улсад зохион байгуулагдсан бөгөөд 2008, 2009 оны сургалтанд оролцох нэр дэвшигчдийг шалгаруулахаар уг сургалтын хөтөлбөрийн зохицуулагч доктор Инга Свала Жонсдоттир Монголд ирээд байна.
ingaТалхлагдсан бэлчээр, доройтсон газрыг сайжруулах, цөлжилтийг сааруулах талаар Исланд улс 100 жилийн тэртээгээс ажиллаж ирсэн арвин баялаг туршлагатай орон юм. Хөгжиж буй орнуудын энэ чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүдэд дээрх туршлагаасаа хуваалцаж тэднийг сургах зорилгоор тус сургалт зохион байгуулагдсан бөгөөд дараагийн жилүүдэд үргэлжлэхээр төлөвлөгдсөн байна. Энэ жилийн сургалтанд 5 орноос мэргэжилтнүүд суралцсан бөгөөд тус хөтөлбөрийн ажилтан доктор Д.Булгамаа амжилттай суралцахын хамтаар өөрийн орны мэргэжилтнүүдийг цаашид энэ хөтөлбөрт сургалтанд суралцуулах эхлэлийг тавиад иржээ.
Дараагийн жилийн сургалт нь:
1. Газрын доройтол ба дэлхийн байгаль орчны өөрчлөлт,
2. Зайнаас тандан судалгаа ба Газар зүйн Мэдээллийн Систем (GIS),
3. Доройтсон газрын үнэлгээ ба мониторинг,
4. Нөхөн сэргээлтийн төслийн төлөвлөлт ба хэрэгжүүлэлт,
5. Газрын тогтвортой менежмент,
6. Боловсон хүчнийг чадавхижуулах, байгууллагыг шинэчлэх гэсэн чиглэлүүдээр зохион байгуулагдах бөгөөд газрын доройтол, цөлжилтийн асуудалтай хөгжиж буй орнуудын мэргэжилтнүүдийг хамруулах сонирхолтой юм.
Хатагтай Инга Монголд байх хугацаандаа “Ногоон Алт” хөтөлбөрийн Баян Өлгий аймгийн Цэнгэл суман дахь “Цэнгэл буян” ТББ-ын тэргүүн Т.Ахай болон бэлчээр ашиглалтын хэсгийн ахлагч нартай уулзаж Хар Татар, Харганат дахь бэлчээр сайжруулалтын ажилтай танилцлаа. Мөн ХААИС, МААЭШХ, ШУА-ийн Геоэкологийн Хүрээлэн болон Швейцарийн Хөгжлийн Агентлагийн “Ногоон алт”, “Цөлжилтийг сааруулах” төслийн багуудтай цаашид хамтарч ажиллах боломжийн талаар уулзалт ярилцлага хийлээ.