Өвөрмонгол, Монголын судлаачид хамтран хийсэн бэлчээрийн судалгааны ажил
2007 оны 07-р сарын 15-аас 08-р сарын 10-нд Өвөрмонгол, Монголын судлаачид хамтран хилийн ойролцоо нутгуудад бэлчээрийн цогц судалгааны ажил хийлээ.
Судалгааг 2 орны бэлчээрийн талаарх түүхэн туршлага, төрийн бодлого, бэлчээрийн өнөөгийн зохицуулалтын давуу болон сул тал, бэлчээрт нөлөөлөх хүчин зүйлсүүд, малчдын аж амьдралыг харьцуулан нийгэм, эдийн засаг, байгаль, эрхзүйн зохицуулалт зэрэг салбар шинжлэх ухааны судалгааны аргаар олон улсын жишигт нийцүүлэн явуулжээ.
Хоёр орны хилийн ойролцоо оршдог, бэлчээрийн төлөв байдлаараа ижил төстэй байдлыг харгалзан Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Дөрвөлж баг, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, Өвөрмонголын Зүүнсөнөд хошууны Баянтөгрөг, Саруултал гацаа, Зүүн-Үзэмчин хошууны Улиастай балгасын Эрдэнэ-Уул гацааг сонгон авсан байна.
Өвөрмонголд 1990 оноос бэлчээрийг малчдад эзэмшүүлэн хуваарилж өгснөөр бэлчээрийг хашсан хэлбэрээр, харин Монгол улсад бэлчээрийг нийтээр ашигладаг, чөлөөтэй нүүдэллэдэг бэлчээр ашиглалтын уламжлалт аргаар нүүдлийн мал аж ахуй эрхэлж байгаа нь хоёр орны бэлчээрийн эрхзүйн эрс ялгаатай зохицуулалт бэлчээр ашиглалтанд хэрхэн нөлөөлж байгаа талаарх харьцуулсан судалгааны тааламжтай нөхцлийг бүрдүүлж байлаа.
Энэхүү хамтын ажиллагааны зорилго нь Монголын тэгш өндөрлөгт бэлчээр ашиглалт, хамгаалалтын ирээдүйтэй технологийг сонгоход оршиж байгаа бөгөөд 2008 онд судалгааг үргэлжлүүлэн явуулахаар төлөвлөөд байна.