БНХАУ-ын ӨМӨЗОронд малын бэлчээрийн талаархи хууль тогтоомжтой танилцах, засаг захиргааны нэгжүүдэд холбогдох хууль, дүрэм хэрхэн хэрэгжиж байгаа талаар туршлага судлах айлчлал
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Газрын харилцаа, геодези зурагзүйн газар, Хууль зүйн яам, “Ногоон Алт” хөтөлбөр зэрэг байгууллагуудын төлөөлөгчдөөс бүрдсэн баг 2007 оны 3-р сарын 26-аас 4-р сарын 2-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗОронд малын бэлчээрийн талаархи хууль тогтоомжтой танилцах, засаг захиргааны нэгжүүдэд холбогдох хууль, дүрэм хэрхэн хэрэгжиж байгаа талаар туршлага судлах зорилгоор айлчлал хийв.
Тус айлчлалын хүрээнд ӨМӨЗОрны нутаг бэлчээрийн удирдлагын хууль тогтоомжтой танилцаж, эдгээрийн хэрэгжилтийг Ордос хотын Хангин хошуу, Бугат хотын Дархан Муумянган хошуунд очиж, газар дээр нь танилцлаа. Мөн Бэлчээр хянан байцаах, зураглан төлөвлөх газар, Бэлчээрийн хяналт удирдлагын газрын үйл ажиллагаатай танилцсан. Уг айлчлалд орсон албаныхан аялалын үр дүнд цаашид бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын чиглэлээр дараахи санал зөвлөмж гаргасан болно.
-
Газрын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг бэлчээрийн тухай хуулийн төсөлтэй уялдуулах
-
Бэлчээрийн газарт мониторинг хийх, улмаар газрын нэгдмэл сангийн бүх ангилалд мониторинг хийх, мониторингийн мэдээлэлд үндэслэн бэлчээр болон бусад газар ашиглалтыг төлөвлөх
-
Бэлчээрийн хуулийн төслийг дахин нягталж, засварлан сайжруулах, ХЗДХЯны холбогдох мэргэжилтэнг ажлын хэсэгт оруулж, ажиллуулах
-
Монгол улсын болон ӨМӨЗорны бэлчээр ашигалт, хамгаалалтын талаар дараахь 4 сэдвээр цуврал нэвтрүүлэг бэлтгэх
o Газар, бэлчээр нутгийн хууль, тогтоомжийн хэрэгжилт
o Экологи, байгаль хамгаалал
o Малчдын амьжиргаа, бэлчээр ашиглалт
o Аялал жуулчлал -
Газрын нөөцөд суурилсан хөгжлийн цогц бодлого боловсруулах шаардлагатай байгаа талаар УИХ-ын хурлын дарга, Ерөнхий сайд нарт танилцуулах
-
Бэлчээр хашаалах болон битүүмжлэх арга хэмжээг зарим аймгуудад загвар байдлаар турших асуудлыг судалж шийдвэрлэх
-
БНХАУ-ын ӨМӨЗОрны бэлчээрийн харилцааг зохицуулж буй зарим хууль, дүрэм журмуудыг хуучин Монгол бичгээс крилл үсгэнд хөрвүүлж холбогдох албаны хүмүүст өгөх
-
Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах арга зүйн талаар аймгуудын газрын албаны газар зохион байгуулагч нарт сургалт зохион байгуулах
“ӨМӨЗО нь бэлчээрийн газрын өнөөгийн байдал, элэгдэл, эвдрэл, цөлжилт доройтлын талаар мэдээллийг хугацааны давтамжтай тодорхойлох, түүнд үндэслэн бэлчээрийн ургамлын гарц, ган зудын талаарх мэдээг 1-12 сарын хугацаатай урьдчилан гаргах замаар малчдыг эрсдлээс хамгаалж байна.
Бэлчээрийн газрыг зүй зохистой эзэмшүүлэх, ашиглуулах, даацыг тогтоох, хамгаалах, нөхөн сэргээхийн тулд газрын мониторинг хийх нь нйигэм, эдийн засгийн чухал асуудлуудын нэг болоод байгаа тул энэ асуудлаар Өвөрмонголын туршлагыг судалж, хамтран ажиллах саналтай байна” хэмээн айлчлалын багийнхан тайландаа дурджээ.