“Малчдыг нүүрстөрөгчийн зах зээлтэй холбох нь” төсөл
Уур амьсгалын өөрчлөлтийг зөөлрүүлэх хүчин зүйлүүдийн олон улсын нэрсийн жагсаалтад бэлчээрийг хамгаалан сайжруулах ажил орсон бөгөөд бэлчээрийн хөрс нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх асар их чадавхтайг онцлон дурдсан байдаг. Монголын Бэлчээрийн менежментийн холбоо (МБМХ) уур амьсгалын өөрчлөлтийг зөөлрүүлэх, түүнд дасан зохицох асуудлыг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрч буйг ойлгон ухамсарлаж, бэлчээрийн болон мал аж ахуйн менежментийг боловсронгуй болгох замаар хөрсөн дэх нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэн нүүрстөрөгчийн сайн дурын зах зээлд борлуулах асар их бололцоог ашиглахаар зорьж байна.
Үүнтэй уялдуулан манай Холбоо 2010 онд хөрсөнд нүүрстөрөгчийг хуримтлуулж зах зээлд борлуулах төслийг Өвөр Монголд хэрэгжүүлж байгаа Андреас Вилкес, Тимм Теннигкеит нартай холбоо тогтоон Монгол улсад ийм чиглэлийн төсөл хэрэгжүүлэх санал тавьсан юм. Энэ саналыг Швейцарийн Хөгжлийн Агентлаг дэмжин санхүүжүүлж, дээрх хоёр мэргэжилтэнг МБМХ –ны шугамаар Монголд урин ирүүлж, Ногоон алт төслийг хэрэгжүүлж байгаа, ялангуяа Бэлчээр ашиглалтын хэсгийн (БАХ) системийг нэвтрүүлж байгаа сумдаар оруулан нөхцөл байдалтай танилцуулж, баримжаа судалгааг хийлгэсэн болно.
Ийм судалгааны дүнд БАХ-ийн хүрээнд хэрэгжүүлж байгаа доройтсон бэлчээрийг сэлгэх, өнжөөж амраах, хадлан бэлтгэх, хаягдсан тариалангийн талбайн ургамлан нөмрөгийг нөхөн сэргээх, отрын нөөц бэлчээр гаргах, мод, бут сөөг, тэжээлийн олон наст ургамал тариалах зэрэг үйл ажиллагааг явуулснаар бэлчээрийн бүтээмжийг дээшлүүлж болохыг нотолсон юм. Энэ судалгаанд хамрагдсан гурван сумын 580 мянган га бэлчээр нь жилд 180 мянган т CO2 (нүүрсхүчлийн хийг) агаараас хөрсөнд шингээн хуримтлуулах боломжтой гэсэн урьдчилсан тооцоог гаргав. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дулаарлыг бууруулах асар их боломж Монгол улсад байгааг харуулж байгаа юм. Мал сүргийн ашиг шимийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн борлуулалтыг сайжруулах зэрэг бусад үйл ажиллагаатай хослуулан хөрсөнд хуримтлагдах нүүрстөрөгчийн хэмжээг нэмэгдүүлэн зах зээлд борлуулбал малчдын аж амьдралыг дээшлүүлэх, тэдний уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг нь сайжруулахад үлэмж ач холбогдолтой болно.
Олон улсын хэмжээнд авч үзвэл ийм чиглэлийн төсөл боловсруулсан тал агаараас хөрсөнд шингээсэн CO2–ийн нэг т тутамд 2-8 ам доллар (жижиглэнгийн зах зээлд 12-30 ам доллар) олдог байна.
Дээр дурдсан судалгааг үргэлжлүүлэн БАХ-ийн системд тулгуурласан “Малчдыг нүүрстөрөгчийн зах зээлтэй холбох нь” гэсэн нарийвчилсан судалгааны хоёр жилийн (2011-2012 он) төслийг хэрэгжүүлж эхлээд байна. ШХА энэ төслийг 800 мянган швейцарь франкаар санхүүжүүлж байгаа юм. Төслийн үндсэн хэрэгжүүлэгч нь Герман дахь “Unique forestry consultants GmbH”.
Уг төсөл:
(1) Нүүрстөрөгчийн санхүүжилтийн дэмжлэгтэйгээр бэлчээрийн тогтвортой менежментийг төлөвшүүлэх үүднээс Монголын оролцогч талуудын хэрэглэж болох, нүүрстөрөгчийн олон улсын зах зээлийн шаардлагад нийцсэн аргуудыг боловсруулах,
(2) Уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий бус бэлчээрийн менежментийн ухаалаг бодлогын хувилбарыг боловсруулахад нь бодлого боловсруулагчдад туслах гэсэн үндсэн хоёр бүтээгдэхүүн гаргах юм.
2011 оны 1 дүгээр сараас 2012 оны 12 дугаар сард буюу хоёр жилийн хугацаанд доорх үр дүнг гаргана. Үүнд:
- Оролцогч талууд харилцан зөвшөөрсөн, тэдний ашиг сонирхолд нийцсэн Төсөл хэрэгжүүлэх хамгийн боломжтой сумыг сонгоно,
- Хүлэмжийн хийн ялгарлын бууралтыг үнэлэх аргуудыг боловсруулна,
- Эдийн засгийн үр өгөөж өгөхүйц мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бүтээгдэхүүн борлуулах хувилбарыг боловсруулна.
- Эрсдэл болон нийгэмд үзүүлэх сөрөг нөлөө бага байхаар төслийг боловсруулна,
- Төсөл боловсруулах баримт бичгийг батлуулсны үндсэн дээр Хийн ялгарлын бууралтыг худалдах Гэрээнд гарын үсэг зуруулна,
- Уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий бус бэлчээрийн менежментийн ухаалаг бодлогын хувилбаруудыг шинжилж, бодлого боловсруулагчдад тусална.
Эдгээр дүнг сайн дурын зах зээл дээр нүүрстөрөгчийн хуримтлалыг санхүүжүүлэх бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай гол гол баримт бичгийн дагуу томъёолсон байна. Эдгээр үр дүнг гаргахдаа чанар сайтай хавсрага судалгааг явуулж, олон улсын мэргэжилтнүүдийн зөвлөгөөг авах юм. Энэ төслийн эцэст Бэлчээрийн хөрсний нүүрстөрөгчийн хуримтлалыг санхүүжүүлэх урт хугацааны Төслийн бэлтгэлийг хангана.
Одоогийн байдлаар Монголд тусдаа байгуулагдсан Төсөл хэрэгжүүлэх нэгжийн төлөвлөгөөний дагуу МБМХ-ны мэргэжилтэн, судлаачид сум сонгох шалгуурын дагуу гурван сумын хөрс, ургамалжилт, мал аж ахуй, нийгэм, эдийн засгийн байдлыг харьцуулан судалж, Архангай аймгийн Тариат сумыг сонгохоор санал боловсруулаад байна. Ер нь энэ төслийн бэлтгэл судалгааны ажилд АХБ, Швейцарийн Хөдөө аж ахуйн коллеж, Монголын холбогдох байгууллагын эрдэмтэд хамтран оролцох юм.