Үндэслэл
Малчид, иргэний нийгмийн байгууллагууд, орон нутгийн засаг захиргаа, Засгийн газрын бэлчээрийг ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх ажлыг хамтран зохион байгуулах чадавхи сул, бүрэн бэхжиж чадаагүй байгаа тул Ногоон алт төслийн II үе шатны үйл ажиллагаа шаардлагатай байна.

Ногоон алт төсөл цаашдаа 800.000-аад хүний амьжиргааны үндэс болсон бэлчээрийн газарт нүүрлэсэн доройтлын бууруулахаар ажиллаж байгаа малчид, бусад оролцогсдод дэмжлэг үзүүлж, бэлчээрийг ашиглагч нь удирдан зохицуулах тогтолцоог хөгжүүлэн бэхжүүлэхэд нь зориулж Монголчуудад үлэмжхэн хөрөнгийн туслалцаа үзүүлнэ. ШХА-ийн Мал аж ахуйн төсөл, Цөлжилтийг сааруулах төсөл, мөн НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Дэлхийн банк, Мерси Корп, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн холбогдох төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагаатай уялдуулан нэгтгэж, хүрсэн үр дүн, ололт амжилтаа баталгаажуулна.

Малыг ямар бэлчээрт, хэдий хугацаагаар бэлчээрлүүлэх тохиромжтой арга технологиудыг нэвтрүүлснээр бэлчээрийн ургамал сэргэн ургаж, өмнөх үеийн бүтээмждээ хүрч болохыг малчдад ойлгуулж мэдрүүлнэ. Ингэснээр малын чанарыг сайжруулж, ашиг шимийг нэмэгдүүлэх, мах, ноосыг боловсруулж, нэмүү өртөг шингээх, мал маллагаанаас өөр ажил эрхэлж амьжиргаагаа сайжруулах талаар малчдад сэдэл өгч, бэлчээрийн даацад тохирсон малтай байх итгэл үнэмшлийг төрүүлэх болно.

Зорилго
Тогтвортой амьжиргааны үндсийг бүрдүүлэх зорилгоор бэлчээрийн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалан хамгаалах малчдын хамтын нийгэмлэгийг бэхжүүлэх.

Зорилт-1. Ногоон алт төслийн үйл ажиллагааг төсөл дууссаны дараа залгамжлан үлдэх, цааш тогтвортой үргэлжлүүлэх малчдын байгууллага, төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх.
Зорилт-2. Малчдын байгууллага, төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд баталсан тодорхой хууль, зохицуулалтын хүрээнд төслийн сумдын бэлчээрийг тогтвортой ашиглах чиглэлээр үр дүнтэй хамтарч ажиллах чадвартай болох.
Зорилт-3.  Малын тоо толгойг зохистой хэмжээнд барих шинэлэг арга хэмжээг төслийн сумдын малчдын хамтын нийгэмлэгүүдээр туршуулж, үр дүнг хуваалцах.

Ногоон алт төслийн II шатны үйл ажиллагаа доорхи асуудлуудад чиглэгдэнэ:

 


Бүтээгдэхүүн-1. Мэдлэгийн менежмент. Монголын иргэд, байгууллагуудын бэлчээрийн нөөцийг тогтвортой ашиглах, зохион байгуулах талаархи баттай мэдлэгийг хуримтлуулан, хэрэглэх чадавхийг бүрдүүлэх,
Бүтээгдэхүүн-2. Засаглал. Бэлчээрийн газрын тогтвортой ашиглалт, зохион байгуулалтыг дэмжих бодлого, хууль тогтоомжийг бүрдүүлж, малчдын хамтын нийгэмлэг, засгийн газар, иргэний нийгмийн байгууллага, хандивлагчдийн хамтын ажиллагаа, зохицуулалтыг үр өгөөжтэй болгох,
Бүтээгдэхүүн-3. Хамтын үйл ажиллагаа. Сонгосон сумдын хөгжлийн боломжийг нэмэгдүүлэх, бэлчээрийг дур зоргоор ашиглах байдлыг арилгахад чиглэсэн малчдын үр өгөөжтэй хамтарсан үйл ажиллагааг идэвхижүүлэх,
Бүтээгдэхүүн-4. Бүтээмж, маркетинг. Мал аж ахуйн бүтээгдэхүүний үнэлэмжийг нэмэгдүүлэхийн тулд, чанар, нэмүү өртгийг дээшлүүлэх ур чадварын сургалтад малчдыг өргөн хамруулах.

Хэрэгжүүлэгч:
Монголын Бэлчээрийн Менежментийн Холбоо

Төсөв:
4.9 сая CHF (швейцарь франк)

Санхүүжүүлэгч:
Швейцарийн Хөгжлийн Агентлаг