Усалгаагүй нөхцөлд үр тарианы зарим  нэг наст ургамлыг тэжээлд болон даршинд зориулан тариалах тохиромжтой хугацааг тогтоох зорилгоор 2006-2008 онд Архангай аймгийн Ихтамир (өндөр уулын бүслүүр), Төс аймгийн Баянчандмань, Борнуурт (ойт хээрийн бүслүүр) хээрийн туршилт явууллаа..
Хээрийн судалгаанд хошуу будаа, хөх тариа, судан өвс, эрдэнэшиш, наранцэцэг, рапс, вандуй, шар буурцаг гэх 8 зүйл нэг наст ургамал хамрагдсан ба эдгээрийг 6-р сарын 5, 6-р сарын 15, 6-р сарын 25, 7-р сарын 5 гэсэн 4 өөр хугацаанд тариалав.
Судалгааны явцад цухуйсан ургамлыг тоолж, өндрийг хэмжиж, хөгжлийн үе шатыг ажиглаж тэмдэглэн цэцэглэлтийн ба үр боловсролтын эхэн үед ногоон ургацыг тодорхойллоо. Мөн тоон материалын статистик боловсруулалтыг SPSS 16.0 програмаар гүйцэтгэлээ.
Цаг уурын мэдээнээс үзэхэд өндөр уулын бүслүүрт 2007, 2008 оны ургамал ургалтын хугацааны агаарын дундаж температур ОЖД-аас илүү байна. 2007 оны 6, 7-р саруудад агаарын дундаж температур ОЖД-аас  3.6-4.6oC-аар өндөр, хур тундас бага байлаа. Харин 2008 онд ОЖД-аас 30 мм илүү хур тундастай байв.
Тарих хугацаанаас хамааран тэжээлийн нэг наст ургамлын цэцэглэх ба үр боловсорч эхлэх хугацаа өөр байна. 2 жилийн дунджаар ойт хээрийн бүсийн усалгаагүй нөхцөлд рапс, вандуй, шар буурцагийг 6-р сарын 5-аас 7-р сарын 5 хүртэлх аль ч хугацаанд тарьсан цэцэглэх боломжтой нь харагдлаа. Харин хөх тариаг 6-р сарын 25-аас, хошуу будааг 6-р сарын 15-аас хойш таривал 8-р сарын сүүлч 9-р сарын эхээр цэцэглэх боломжтой боловч намрын анхны хүйтгэлтэд өртөж болзошгүй юм. Наранцэцэг, судан өвс, эрдэнэшишийг 6-р сарын 5-аас 15-нд тариалбал 8-р сарын сүүлчээр цэцэглэх ба энэ үед  ногоон тэжээлд ашиглах боломжтой байна.
6-р сарын 25-аас хойш тарихад  ихэнх таримлуудын хувьд үр боловсрох хугацаа хязгаарлагдмал байлаа.
Өндөр уулын бүслүүрт намрын анхны хүйтрэлт ихэвчлэн 8-р сарын сүүлчээр тохиодог учраас тэжээлийн нэг наст ургамлуудыг үр боловсролтын эхэн үед нь ашиглах боломжгүй байна (1-р хүснэгт).
1-р хүснэгт. Тарьсан хугацаанаас хамааран тэжээлийн нэг наст ургамлын цэцэглэх ба үр боловсрорч эхлэх хугацаа
# Зүйлийн нэр цэцэглэлт үр боловсролтын эхэн
5/VI 15/VI 25/VI 5/VII 5/VI 15/VI 25/VI 5/VII
Ойт хээрийн бүслүүр
1 Рапс 15/VII 19/VII 26/VII 15/VIII 26/VII 28/VII 5/VIII 21/VIII
2 Вандуй“Вега” 26/VII 3/VIII 9/VIII 19/VIII 5/VIII 15/VIII 18/VIII 29/VIII
3 Шар буурцаг 2/VIII 9/VIII 15/VIII 25/VIII 16/VIII 24/VIII 31/VIII 0
4 Хөх тариа 5/VIII 13/VIII 19/VIII 31/VIII 25/VIII 30/VIII 9/IX 0
5 Хошуу будаа 16/VIII 21/VIII 27/VIII 9/IX 26/VIII 29/VIII 8/IX 0
6 Наранцэцэг 16/VIII 23/VIII 29/VIII 4/IX 24/VIII 30/VIII 8/IX 0
7 Судан өвс 17/VIII 24/VIII 30/VIII 14/IX 28/VIII 31/VIII 10/IX 0
8 Эрдэнэшиш 19/VIII 24/VIII 28/VIII 3/IX 29/VIII 5/IX 0 0
Өндөр уулын бүслүүр
1 Рапс 10/VII 6/VIII 12/VIII 20 Aug - - - -
2 Хөх тариа 31/VII 18/VIII 22/VIII - - - - -
3 Хошуу будаа 3/VIII 12/VIII 24/VIII - - - - -
4 Наранцэцэг 5/VIII 20/VIII 31/VIII - - - - -
5 Судан өвс 15/VIII 25/VIII 30/VIII - - - - -
6 Эрдэнэшиш 16/VIII 26/VIII 27/VIII - - - - -