Малчдын сургалт, мэдээлэл, үйлчилгээний төвүүд нээгдэж байна
Ховд аймгийн 10 суманд “Ногоон алт” төслийн дэмжлэгтэйгээр орчин үеийн хийцтэй, нэг загварын Малчдын сургалт, мэдээлэл, үйлчилгээний төв (МСМҮТ) -үүд баригдаж, нээлтээ хийж эхэллээ.
“Шинэ төв маань надад маш их үнэтэй. Өмнө ньганц цүнх үүрээд тамгаа бариад ажлаа хийж явахад минь энэ юу л болдог бол доо хэмээн зарим хүмүүс үл ойшоож ханддаг байлаа. Одоо бол малчдаа цуглуулаад хурал, уулзалт, сургалтаа явуулах том танхим, ажлын өрөө, буудал, үйлчилгээний танхим бүхий ийм сайхан байрыг өөрсдийнхөө хүч хөдөлмөрийг зориулан байгуулж чадсандаа үгээр хэлэхийн аргагүй сайхан санагдаж байна.”
– Ховд аймгийн Буянт сумын Бэлчээр ашиглагчдын холбооны (СБАХ)тэргүүн Н.Батдорж
2011 оны 4-р сарын 29-ний өглөө Батдорж нар мандахаас өмнө босоод ёслолын хувцас өмсөж ажилдаа гарлаа. Сүүлийн нэг сарын турш тэрээр ажлын хувцаснаас салаагүй бөгөөд өглөө 7 цагаас шөнө дунд хүртэл Буянт, Ховд сумдын дунд явж МСМҮТ-ийн шинэ барилга барих ажилд зүтгэсэн юм. Өнөөдөр харин шинэ төвийнх нь нээлтийн өдөр. Ховдын бүх сумын СБАХ-ны тэргүүнүүдийн дундаас түүнийг ажилсаг, хариуцлагатай гэдгээр нь сонгож сэндвичэн барилга барих аргад сургаад, энэ ажлыг бүх суманд толгойлж гүйцэтгүүлэхээр болжээ. Хотоос барилгын мэргэжилтэн ирж тэдэнд мэргэжлийн хичээл заагаад, дээрх хоёр суманд барилгын ажлыг зэрэг эхлүүлж биечлэн зааж, хамтран ажилласнаар сар хүрэхгүй хугацаанд сэндвичэн барилгыг технологийн дагуу, мэргэжлийн түвшинд барьж сурчээ.
“Хүн ямар ч ажлыг хийж сурсан илүүддэггүй. Би сумынхаа дөрвөн залууг сонгоод тавуулаа нэг бригад болж ажиллалаа. Манай төвийн барилгыг хүмүүс их сонирхож, захиалгаар бариулах санал ч ирээд байгаа. Цаашлаад малчдынхаа хоршооны дэргэд бригадаа ажиллуулаад хүмүүсийг байнгын ажлын байртай болгож, орлогоо нэмэгдүүлэх бүрэн боломж нээгдлээ. Манай Ховдод барилгын материал үнэтэй, модон хийцтэй барилга барихад өртөг маш өндөр гардаг. Харин энэ сэндвичэн барилга харьцангуй хямд, цэвэр үзэмжтэй, дулаахан болдог юм байна. Энэ зун бид нийлээд 10 сумандаа яг ийм сайхан төв барих болно. Бид шинэ мэргэжилтэй болсон нь хамгийн том хөрөнгө оруулалт байлаа.”
Малчдын сургалт, мэдээлэл, үйлчилгээний төвүүдийг төсөл хэрэгжиж байгаа 9 аймгийн 66 суманд байгуулж байна. Энэ төвүүдийг сургалтын энгийн тоног төхөөрөмжөөр тоноглох, номын сантай болгох ажлыг эхний ээлжинд “Ногоон алт” төслөөс санхүүжүүлж байна. Цаашид энэ төвүүд малчдад зориулсан үйл ажиллагаа явуулах аль ч байгууллагатай хамтран ажиллах юм.
“Ногоон алт” төсөл хэрэгжиж эхэлсэн цагаасаа сумын хэмжээнд бүх малчдыг сайн дураар нь нэгтгэсэн СБАХ байгуулж, бэлчээрийн хамтын менежментийг хэрэгжүүлэх болоод малчдын нийгэм, эдийн засгийн олон асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллах иргэний нийгмийн байгууллага болон хөгжихөд нь дэмжлэг үзүүлж байна. Эдгээр холбоод тогтвортой үйл ажиллагаа явуулах, малчдад хүрч ажиллахын тулд өөрийн гэсэн байртай болох зайлшгүй шаардлагатай учраас тухайн сумын Засаг захиргаатай зөвшилцсөнөөр энэ асуудлыг олон хэлбэрээр шийдвэрлэж байсан юм. Гэсэн ч суманд шаардлага хангасан барилга тэр бүр олдохгүй байх, олдсон ч хуучирч муудсан, засварын урсгал зардал ихтэй, шинээр барих тохиолдолд хөдөө орон нутагт барилгын материал өндөр үнэтэй, олдоц муутай гэх мэт олон бэрхшээл тохиолддог байжээ.
Харин “Ногоон алт” төслийн Ховд аймаг хариуцсан мэргэжилтэн Ч.Нармандах санаачлан мэргэжлийн хүмүүсээр барилгын зураг төслийг гаргуулж, бүх материал, барилга барихад шаардлагатай ойр зуурын багаж хэрэгслийг өөрсдөө урд хөрш рүү явж оруулж ирээд сэндвичэн барилга барих ажлыг энэ оны 4-р сараас эхлүүлсэн байна. Сэндвичэн барилга богино хугацаанд баригддаг, дулаахан, ус, чийг, дуу чимээ нэвтрүүлдэггүй, ашиглалтын хугацаа урт, газар хөдлөлтөнд тэсвэртэй байдгаараа бусад хийцийн барилгаас давуу талтай байдаг байна. Мөн барилгын материалын зардлыг л төслөөс гаргаж, гүйцэтгэлийн ажлыг орон нутгийн хүмүүс гардаж хийснээр нэлээд хөрөнгө хэмнэх тооцоо гарчээ.
“Өмнө нь малчдын өөрийн гэсэн байгууллага, байр сав гэж байгаагүй болохоор сумынхан маань эхнээс нь сэтгэл зүрхээрээ дэмжиж, сайн дураараа өөрсдийн хүч хүрэх ажлуудыг хийж тусалсан. Байр барих хугацаанд өдөрт 5-10 хүн ирж ажиллаж байлаа. Суманд ажилладаг албан газрууд, компаниуд, хувь хүмүүс, Засаг захиргаа, бүх сумын СБАХ-нууд тохижилтонд зориулж мөнгөн хандив, компьютер зэргийг бэлэглэсэн. Одоо үүд хаалгаа үргэлж нээлттэй байлгаж, хөдөөнөөс малчид маань ирээд эндээ л цугладаг тийм сайхан “ордон” болгохын төлөө ажиллах л үлдлээ.”
“Ногоон алт” төсөл “Малчнаас малчинд” гэсэн экстейншний үйл ажиллагааг эхлүүлэн хэрэгжүүлж байна. Энэ ажилд МСМҮТ-үүд чухал ач холбогдолтой. 2012 онд үйл ажиллагаа нь ахисан түвшинд яваа 10 СБАХ, 32 БАХ-ийг сонгон бүсийн үзүүлэх сургалтын талбар, жишиг МСМҮТ болгон хөгжүүлэх ажлыг эхлээд байна.
Өглөөний 10 цаг гэхэд Буянт сумын төвд баригдсан шинэ төвийн үүдэнд хүн машин цуглаж, дуу хөгжим эгшиглэж нээлтийн ажиллагаа эхлэхэд бэлэн болсон байлаа.