Бэлчээрийн эрүүл мэндийн мониторингийн үндэсний нэгдсэн арга зүй батлагдлаа
БОАЖ-ын Сайдын 2011 оны 4-р сарын 114 тоот тушаалаар үндэсний хэмжээнд мөрдөгдөх “Бэлчээрийн эрүүл мэндийн мониторингийн үндэсний нэгдсэн арга зүй”батлагдлаа.
Энэ арга зүй нь “Ногоон Алт” Төсөл Ус, Цаг Уур, Байгаль Орчны Хяналтын Газартай(УЦУБОХГ) хамтран сүүлийн 5 гаруй жилийн хугацаанд туршсан арга зүй дээр суурилсан ба бэлчээрийн экологийн потенциал, хөрсний өөрчлөлтийн үзүүлэлтүүдийг нэгтгэсэн аргачлал боллоо. Энэхүү арга зүй нь 2011 оны 7-р сарын 1-нээс хүчин төгөлдөр болох ба УЦУБОХГ-ын улсын сүлжээн дээр хийгддэг бэлчээрийн мониторингийн явуулын судалгаа 2011 оны 8-р сард улсын хэмжээнд нэгдсэн шинэ арга зүйгээр хийгдэх боллоо.
Өнгөрсөн 5 жилийн хугацаанд “Ногоон Алт” төсөл УЦУБОХГ-ын улсын сүлжээний 115 сумын ажилтнуудыг шинэ арга зүйд сургаж, шаардлагатай үндсэн багаж тоног төхөөрөмжөөр хангасан билээ. 2011 эхний хагаст үлдсэн сумдын 450 орон нутгийн ус цаг уурын ажилтнуудыг Хойд, Зүүн, Баруун, Төв гэсэн бүсүүдэд хуваан 4 удаагийн сургалт зохион байгууллаа. Арга зүйн сургалт нь танхимын болон хээрийн дадлага ажлаас бүрдсэн бөгөөд танхимын сургалтаар мониторингийн үндсэн шалгуур үзүүлэлтүүд, тэдгээрийг судлах арга зүй, мөн бэлчээрийн ургамлын төрөл зүйлийг хэрхэн таних тодорхойлох талаар мэдлэг олгож мэдлэгийг дадал чадвар болгон эзэмшүүлэх, дадлагажуулах ажлыг хээрийн дадлага хичээлээр харилцан адилгүй хэв шинжийн бэлчээр дээр зохион байгууллаа.
Сургалтанд зориулж манай судлаачдын багаас УЦУын ажилтнуудад зориулсан “Бэлчээрийн эрүүл мэндийн мониторингийн заавар”-ыг хамтран боловсруулахын зэрэгцээ “Монгол орны гуурст дээд ургамлын хураангуйлсан нэрийн жагсаалт”, “Бэлчээрийн эрүүл мэндийн мониторинг, үнэлгээний түргэвчилсэн аргуудаас” гарын авлагуудыг боловсруулан гаргаж улсын хэмжээнд түгээлээ.