Дэлхийн Банкны “Тогтвортой Амьжиргаа” Төсөл болон Швейцарийн Хөгжлийн Агенлагын “Ногоон Алт “Төслийн хамтарсан баг орон нутагт ажиллав.
Дэлхийн Банкны “Тогтвортой Амьжиргаа” Төсөл, Швейцарийн Хөгжлийн Агентлагын “Ногоон Алт” Бэлчээрийн Экосистемийн Удирдлага төслийн мэргэжилтнүүдийн хамтарсан баг баруун, зүүн бүсийн 5 сумдад малчдын хамтын зохион байгуулалтын загварууд болох “Бэлчээр Ашилагчдын Хэсэг”, “Малчдын Бүлэг”-ийн үйл ажиллагаантай танилцах, харилцан суралцах аялалыг зохион байгууллаа. Судалгааны багт Швейцарийн “AGRIDEA” байгууллагын зөвлөхүүд, Монгол Улсын Их Сургуулийн Нийгэм судлалын тэнхмийн оюутнууд оролцсон болно.
Энэхүү орон нутагт хийсэн судалгааны ажлын гол зорилго нь энэ хоёр загварын үр дүн, давуу болон сул талыг нь харьцуулах, харилцан суралцахад чиглэсэн болно.
Тогтвортой Амьжиргаа Төслийн “Малчдын Бүлэг”-нь эдийн засгийн ашиг сонирхол дээр бий болсон малчдын бүлгэмдэл ба байгалийн эрсдлийг даван туулах чадварыг бэхжүүлэхэд чиглэж байна. “Малчдын Бүлэг” нь орлого нэмэгдүүлэх, байгалийн эрсдлийг даван туулах чадавхийг бэхжүүлэх гэсэн 2 чиглэлээр төслөөс дэмжлэг авч болдог. Малчдын Бүлэгийн боловсруулсан төслийг орон нутагт баг, сум, аймгийн түвшинд хэлэлцэн шалгаруулаад, санхүүжилтийг нь Улаанбаатар хот дахь төслийн хэрэгжүүлэх нэгжээс баталдаг юм байна. Энэ утгаараа “Тогтвортой Амьжиргаа” Төсөл нь бэлчээрийн менежмент, эрсдэлийн удирдлагын орон нутгийн чадавхи, оролцоог бэхжүүлэх бүтэц зохион байгуулалтын орчинг бий болгохыг зорьж байна. Малчдын санал болгосон төсөл сумын тухайн жилийн газар ашиглалтын төлөвлөгөө, эрсдэлийн удирдлагын төлөвлөлтөд тусгагддаг.
“Ногоон Алт” Төсөл нь 4 улирлын бэлчээрээ хамтаараа эзэмшдэг малчдыг нэг бүлгэмдэл буюу “Бэлчээр Ашиглагчдын Хэсэг” болон зохион байгуулагдаж хамтын бэлчээрээ сэлгэж, амраан ашиглах төлөвлөгөө, хуваарь, түүнийгээ мөрдөх журмаа нийтээрээ зөвшилцөн гаргаж мөрдөх замаар бэлчээрийг дур зоргоороо, зохисгүй ашиглах явдлыг зогсооход чиглэж байна. Бэлчээр Ашиглагчдын Хэсгүүдийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө сумын тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөөнд тусгагдана. Сумын Бэлчээр Ашиглагчдын Хэсгүүд нэгдэж Сумын Бэлчээр Ашиглагчдын Холбоог байгуулсан байна. Сумын Холбоо нь малчдын баг, сум хоорондын нүүдэл, шилжих хөдөлгөөнийг зохицуулах ажлыг гүйцэтгэдэг. Бэлчээр Ашиглалтын Хэсгийн зохион байгуулалт нь мөн малчид мал аж ахуйн бүтээгдэхүүнээ зах зээлд хамтаараа борлуулах, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ хямд үнээр зах зээлээс бөөнөөр татаж авах гээд давуу талуудтай.
“Малчдын Бүлэг”-ийн зохион байгуулалтын давуу тал нь итгэл дээр үндэслэгдсэн учраас шийдвэр гаргахад хялбар. Бэлчэр Ашиглагчдын Хэсгийн зохион байгуулалтын давуу тал нь орон нутгийн төр засгийн байгууллагад хүлээн зөвшөөрөгдсөн учраас сумын хэмжээнд бодлогын нөлөө үзүүлэх, бэлчээр ашиглалтын төлөвлөгөө хэрэгжилтийг зохион байгуулах, хэрэгжүүлэхэд оролцож чадаж байна.
“Малчдын Бүлэг” болон “Бэлчээр Ашиглагчдын Хэсэг”-ийн зохион байгуулалт нь хоорондоо өрсөлдөх бус, харилцан нэг нэгнээ дэмжих хэлбэрийн бүтцүүд байна. Малчдын зарим нэг хамтын үйл ажиллагааг Малчдын Бүлэгийн зохион байгуулалтаар хийх нь давуу, далайцтай өргөн хэмжээний хүч хөдөлмөр, хөрөнгө шаардсан ажлыг Бэлчээр Ашиглагчдын Хэсэг болон Сумын Бэлчээр Ашиглагчдын Хэсгийн Холбоогоор дамжуулах нь давуу талтай гэж үзэж байна. “Малчдын Бүлэг”-ийн эрсдэл нь төслийн дэмжлэг авах гэж түр зуур, нэрийн төдий бүлэг байгуулах явдал.