Ноолуурын ашгийг урьтал болгохгүй
Ховд аймгийн Мөст сумын Цэцэг гол БАХ-ийнхэн 2010 оны 1-р сард байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлсэн. БАХ-ийн ахлагч Т.Алтансүх хэсгийнхээ амжилт, үр дүнгийн талаар ийн ярьж байна.
“Манай Цэцэг гол хэсгийнхэн олон ажил төлөвлөж ажилласан. Хамтран ажиллах нь ер нь үр дүнтэй юм гэдгийг ойлгож эхэлж байгаа. 2010 оны намар бид Эрдэнэт үйлдвэртэй холбоо тогтоож, ямааны мах нийлүүлэх боломжийн талаар хэлэлцсэн.
Эхлээд бид хэдий хэмжээний ямаа бэлтгэх боломжтойгоо судалсан. 1500 ямаа тэдний хүссэн хэмжээнд хүрсэн учраас 10 сард малчдаас ямаагаа цуглуулсан.
Орон нутгийн ченжүүд малчин болгонд өөр өөр үнэ хэлж, ханшийг буулгадаг арга зальтай. Уулын мухарт байгаа малчин аманд нь ороод л хэлсэн үнэнд нь өгдөг байсан. Харин энэ удаад бид тэгээгүй. Орон нутгийн ханшаар эм ямаа 18000-20000 төгрөг, сэрх 30,000 төгрөг байхад бид эм ямааг 23,000, сэрхийг 35,000-р цуглуулсан.
1500 ямаагаа 2 суурь болгон 45 хоногийн хугацаанд тус үйлдвэрээс 2 малчинд 1500,000 төгрөгийн хөлс олгон хариулуулсан. Энэ хугацаанд ямаа тарга тэвээрэг авч, 1 ямааны махны гарц 13кг-с дээш байна гэсэн худалдан авагчийн шаардлагыг хангасан.
Мөн сумын мал эмнэлгийн байгууллагатай хамтран бүх ямааг угаалгад хамруулан тарилга хийлгэсэн. Эдгээр үйл ажиллагааны зардлыг худалдан авагчид хариуцан, бид зохион байгуулалтын ажлыг хариуцан ажилласан гэж болно. Мөн нэг ямааг нядлахад 1500 төгрөгийн хөлс өгч, нядалгааны тусгай цэг байгуулан малчдыг хөлслөн ажиллуулсан.
Бидний дээрх хийсэн ажил бол малын сүргийн бүтцэд ихэнх хувийг эзлээд байгаа ямаан сүргийн тоог багасгаж, бэлчээрийн даац, талахдалыг тодорхой хэмжээгээр бууруулж байгаа болов уу гэж бодож байна.