Бэлчээрийн эрүүл мэндийн үнэлгээ, мониторингийн ба хашаалалтын зуны судалгаа явууллаа
Дээрх судалгааг 2010 оны 7-р сарын 8-аас 8-р сарын 20-ны хугацаанд МБМХ-ны судалгааны баг АНУ-аас ирсэн зөвлөх багтай хамтран хийж гүйцэтгэлээ.
Бэлчээрийн эрүүл мэндийн үнэлгээ, мониторингийн судалгааны зорилго: Монгол орны бэлчээрийн эрүүл мэндийн үнэлгээ мониторингийн судалгааг үндэсний түвшинд хийх, үүнд: Бэлчээрийн эрүүл мэндийн мониторингийн (БЭММ) нэгдсэн арга зүйг боловсруулах, турших, үндэсний түвшинд хүлээн зөвшөөрүүлэх, БЭММ-ийн үндэсний сүлжээг бэхжүүлэх, үндэсний мэдээллийн баазыг бий болгох, цуглуулсан суурь материал дээрээ үндэслэн Монгол орны экологийн талбар тодорхойлох үзэл баримтлал, аргачлалыг боловсруулах.
Хашаалалтын судалгааны зорилго: Бэлчээрийг хашиж амрааснаар түүний ургамалжил болон хөрсний шинж чанарт хэрхэн өөрчлөлт орж байгааг илрүүлэх.
Судалгаанд АНУ-ын ХААЯ-ны ХАА-н судалгааны төвийн Хорнадагийн бэлчээрийн туршилт, судалгааны институтийн мэргэжилтнүүд болох хөрс судлаач Жастин Ван Зий, ГМС-ийн мэргэжилтэн Жеб Уильямсон, бэлчээрийн мэргэжилтэн Лаура Буркетт нар зөвлөж ажиллалаа.
7-р сарын 8- 20-ны өдрүүдэд судалгааны багуудыг нэгдсэн ойлголт ухагдахуун, арга барилтай болгох зорилгоор Төв аймгийн Жаргалант, Өндөрширээт, Бүрэн; Булган аймгийн Дашинчилэн, Могод; Өвөрхангай аймгийн Хархорин сумдад 2 баг хамтран ажиллав. 7-р сарын 20-оос 8-р сарын 20-нд багууд тус тусдаа нийт 28 сумдад судалгаа явуулав.
Судалгааны 2 багийн бүрэлдэхүүн:
• 1-р баг: Багийн ахлагч Др. Булгамаа, зөвлөх Жастин Ван Зий, судлаач Л.Отгонтуяа, М.Сэргэлэн, Сүнжидмаа, жолооч Дашдэлэг,
• 2-р баг: Багийн ахлагч Б.Болормаа, судлаач У.Будбаатар, Л.Ганцогт, Б.Төрбагана, Одончимэг, жолооч Хишигдорж
Энэ зуны судалгаанд Монгол оронд бэлчээр ашиглалтын хувьд чухал ач холбогдол бүхий ландшафт экологийн бүсүүд болон байгалийн бүс бүслүүрүүдийг төлөөлсөн сумдыг сонгосон бөгөөд “Ecosystems of Mongolia Atlas, Moscow 2005” – д дурдагдсан, нийт газар нутгийн 22,9 хувийг хамарсан “Төв монголын гэх D”, 43,3 хувийг хамарсан “Төв Азийн гэх Е” ландшафтын экологийн бүсүүдийг хамрууллаа.
Бэлчээрийн эрүүл мэндийн үнэлгээ, мониторингийн судалгааны арга зүйн товчлол
Траверсийн судалгаа буюу түргэвчилсэн үнэлгээний арга: Энэ аргаар судалгааны явцын турш GPS ашиглан газрын гадаргуугийн хэлбэр (Landform), бүлгэмдлийн өөрчлөлт тутамд хөрсний гадаргуугийн төлөв байдал (Pedoderm class), ус тогтоох чадвар (Resource retention class), хөрсний өнгөн хэсгийн өөрчлөлт (Soil redistribution class), бэлчээрийн төлөв байдлын үнэлгээг орон зай, цаг хугацааны хувьд тодорхойлов. Тухайн аргыг энэ жил шинээр судалгаанд оруулан ашиглаж эхэлсэн бөгөөд богино хугацаанд их хэмжээний газар нутгийг хамруулдгаараа давуу талтай.
Мониторингийн судалгааг Ус Цаг Уур Орчны Шинжилгээний Хүрээлэнгийн орон нутаг дахь бэлчээрийн мониторингийн цэгүүдийг түшиглэн тухайн орчны ургамалжилтын хэв шинж, төлөв байдлыг төлөөлөхүйц газарт санамсаргүйгээр цэг сонгон дараахь ажлуудыг хийв. Судалгааны талбар бүрт фото зургийн баримтжуулалт хийх, координат тогтоох, шугаман цэгийн бичиглэл, олон наст ургамлын суурь хоорондын зай хэмжих, ландшафтын суурь мэдээлэл цуглуулах, хөрсний бичиглэл буюу экологийн талбарыг тодорхойлох суурь мэдээлэл цуглуулав.
Мониторингийн судалгааны үндсэн талбар хоорондох ургамалжлын өөрчлөлтийг харгалзан богино хугацаанд үнэлгээ өгөх зорилгоор түргэвчилсэн үнэлгээний аргыг ашиглан мэдээлэл цуглуулав.
Хашаалалтын судалгаагаар бэлчээрийн хашсан талбайн гадна ба дотор талын ургамлын зүйлийн бүрэлдэхүүн, тусгаг болон суурь бүрхэц, халцгай газрын хэмжээ, ургамлын суурь хоорондын хоосон зай, газрын дээрх биомассын хэмжээ болон хашсан талбайн гадна ба дотор талын хөрсний органик бодисын өөрчлөлт, мөн хөрсний физик шинж чанарыг харьцуулан судаллаа.