Тэмээний үнэлэмжийг бүхий л талаар нэмэгдүүлнэ
1970-80 онд Дундговь аймгийн Өлзийт сумын бахархал болж 2 түмээр тоологдож байсан тэмээн сүрэг зах зээлийн үед 5000 гаруйхан болтлоо цөөрсөн нь тэмээчдийн төдийгүй говь нутаг, тэмээн сүргийг хайрладаг хүн бүрийн сэтгэлийг эмзэглүүлсэн асуудал болж байна.
Гэтэл цаг уур өөрчлөгдөн бэлчээрийн ургамлын гарц муудаж, цөлжилт бий болж буй энэ цаг дор говийн нөхцөлд 5 хошуу малаас өсгөж үржүүлж ашиглахад хамгийн тохиромжтой, ашиг шим арвинтай, бэлчээрт халгүй, тэсвэр хатуужил сайтай мал бол тэмээ мөн.
Тиймээс “Ногоон алт” хөтөлбөрөөс санаачлан Өлзийт суманд “Тэмээ” бичил төслийг хэрэгжүүлж эхэллээ. Төслийн үйл ажиллагааг сурталчлах, тэмээчдийн санал бодлыг сонсож цаашид хамтран ажиллах зорилгоор “Хоёр түмэн тэмээ” тэмээчдийн чуулга – уулзалтыг Өлзийт сумын төвд зохион байгуулав. Энэ чуулга – уулзалтанд тус сумын 70 гаруй малчин, сумын удирдлагууд, “Ногоон Алт” хөтөлбөрийн мэргэжилтнүүд оролцсон юм.
Чуулга – уулзалтанд оролцогсод эх орондоо говийн заан хэмээн нэрлэгддэг говь нутгийн чимэг болсон тэмээн сүрэг маань дэлхийд цөөрч байгаа амьтдын тоонд орж байгааг онцлон үзэж тэмээний үүлдэр угсааг сайжруулж ашиг шимийг нэмэгдүүлэх, улмаар хорогдлыг бүх талаар багасган түүнийг өсгөж үржүүлэх зохистой менежментийг бий болгох талаар өөрсдийн санал бодлоо солилцсоны үр дүнд тэмээн сүргийг өсгөн үржүүлэгч нийт малчид, тэмээчид, төр захиргааны байгууллага, бизнес эрхлэгчид, төрийн ба төрийн бус байгууллагуудад хандан уриалга гаргалаа.
Зөвөлгөөний үеэр зохион байгуулсан торомны уралдаан хүмүүсийн сонирхлыг татаж сэтгэлийг баясгав. Уралдсан торомнууд унасан эзнээ тоолгүй эхийгээ хайн гэр лүүгээ давхиж хүмүүсийг хөгжөөв. Гэсэн ч айргийн тавтай, авсан шагналтай сайхан уралдаан боллоо.