Эрхэм таны Монголын “Бэлчээр-Ногоон Алт”-ыг хамгаалахад зориулан  сайн дураар хандивласан хөрөнгөөр бид Монгол орны 66 сумын малчдын санаачлага оролцоотойгоор боловсруулагдсан төсөл-үйл ажиллагааг санхүүжүүлэн, гарсан үр дүнг тухай бүрд нь өөрийн цахим хуудсаар дамжуулан танд болон нийт гишүүд, сонирхогчдод ил тодоор мэдээлж байх болно.

Бэлчээр хамгаалахад нэн шаардлагатай бэлчээр усжуулах, худаг засварлах, шинээр гаргах, усан сан, хөв байгуулах, усны далан, суваг засварлах, байгуулах, хадлангийн талбай хашаалах, ногоон тэжээл тариалах зэрэг үйл ажиллагаанд хандивын хөрөнгө зарцуулагдах болно.

Бэлчээр ашиглагчдын хэсгийн малчид өөрсдийн хөдөлмөр, хөрөнгөө хоршиж, дээрх ажлуудыг өөрсдийн гараар бүтээн босгох тул таны оруулсан хандив тухайн орон нутгийн хүмүүсийн амьдралд он удаан жил үр ашгаа өгөх, нэн чухал бүтээн байгуулалтанд зориулагдана гэдэгт Та бүрэн итгэлтэй байж болно.


 Худгийн төсөл

Швейцарь улсын иргэн, эхнэр нөхөр Каспер Стадлер, Карин Комар Стадлер (Mr Kaspar Stadler, Mrs Karin Komar Stadler) нар жил бүр шинэ газар оронд аялдаг уламжлалаа өөрчлөн, энэхүү аялалд зарцуулагдах байсан  5000 Швейцарь франк буюу 7.22 сая төгрөгийг хүмүүнлэгийн сайн санааны үйлсэд зориулах хүсэлтээ Монгол дахь Швейцарийн Хөгжлийн Агентлагт тавьсан нь, манай орны усны нөөцөөр хомс, говийн бүсийн сумдын нэг болох Дундговь аймгийн Өлзийт сумын усан хангамжийг сайжруулахад чиглэсэн, нэгэн жижиг төсөл болон хэрэгжсэн юм.

Энэхүү төслийг Д. Жаргалсайхан тэргүүнтэй, Өлзийт сумын “Өөшийн өгөөж” бэлчээр ашиглагчдын холбоо хариуцан 2010 онд  хэрэгжүүлсэн ба малчдаас гаргасан саналд үндэслэн, 8 хүний бүрэлдэхүүнтэй худаг засварын багтай гэрээ байгуулан ажиллажээ. Төслийн хугацаанд, сүүлийн жилүүдэд ашиглагдахгүй байсан, нийт 8 гар худаг, 1 гүний худгийг сэргээн засварласнаар 35 өрхийн 143 хүн, 2536 тэмээ, 802 адуу, 132 үхэр,  19745 бог малын төдийгүй дээрх нутгаар дайран өнгөрөх малчид, мал сүргийн усан хангамжийн асуудлыг шийдвэрлэсэн сайхан алхам болсон байна. Нэг жишээ дурьдахад, тус сумын 2-р багийн “Баянбулаг” бэлчээр ашиглагчдын хэсгийн 11 өрх усны хүрэлцээгүйгээс шалтгаалан, жил бүр 200-500 км газар ус, бэлчээр хайн нүүдэг байсан асуудал шийдэгдсэн байна. Мөн тус сумын 45 өрх хамтран, цаг хүндрэлтэй үед төл малыг адгуулах 2 га бэлчээрийг төмөр тороор хашиж хамгаалсан байна.

Хүнлэг сэтгэлт Стадлер ийн гэр бүлд Дундговь аймгийн Өлзийт сумын малчид, “Өөшийн өгөөж” бэлчээр ашиглагчдын холбоо болон МБМХ, ШХА-ийн хамт олны өмнөөс гүн талархлаа илэрхийлье.

 

Худаг засварын багийнхан   Баянбулаг БАХ-ийн гүний худаг 11 өрх
 
"Дэрт" хэсгийн 5 өрхийн өвөлжөө    
 
"Солгой" хэсэг, 6 өрх    
 
"Гэсэрээ" хэсэг, 2-р баг    
 
"Баянхангай" хэсгийн 13 өрх    
"Хайрхан" хэсгийн 20 өрхийн өвөлжөөний бэлчээр    
 
"Шилүүстэйн ус" хэсгийн 25 өрхийн төл малын бэлчээр