Газар зохион байгуулалт

Мэдээлэл ороогүй байна

Монгол улсын газрын нэгдмэл сангийн бүтцэд ХАА-н газар тэр дундаа бэлчээрийн газар ихэнх хувийг эзэлдэг. Нийт 156.4 сая га газар нутгийн 112.8 сая га буюу 72.1 хувь, зарим сумдын 90 гаруй хувь нь бэлчээрийн газарт хамаардаг. Өөрөөр хэлбэл газар зохион байгуулалтын асуудал нэг ёсондоо бэлчээрийн тухай асуудал гэж ойлгож болохоор байгаа юм. Гэвч нэгдсэн бодлого зохицуулалт дутагдсаны улмаас улсын хэмжээнд нийт бэлчээрийн 70 гаруй хувь доройтсон бөгөөд энэ хэмжээгээр нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлж улс орны тогтвортой хөгжлийг хойш татахад хүргэж байна.

Монгол орны эдийн засаг нийгмийн тогтвортой хөгжлийн үндэс суурь болсон газрын харилцааны бодлого түүнийг хэрэгжилтийг хариуцах хуулиар олгогдсон эрх үүрэг бүхий байгууллагын хувьд Газрын Харилцаа, Геодези, Зурагзүйн Газартай хамтран ажиллаж байгаа бөгөөд 2005 оноос эхлэн үндэсний түвшинд шат дараалсан ажлуудыг хамтран зохион байгуулж байна. Тухайлбал 2005 онд улсын хэмжээнд газрын бодлого, төлөвлөгөөний хэрэгжилтийг орон нутагт гардан хэрэгжүүлэгч - сумдын газар зохион байгуулагч нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бүх аймаг сумдын газрын даамлуудыг хамруулсан "Бэлчээрийн менежмент ба газар зохион байгуулалт" сургалтыг бүсчилсэн хэлбэрээр амжилттай зохион байгуулсан.

Мөн ГХГЗГазартай хамтран Сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах аргачлал боловсруулж, тус газар батлан, хэрэгжүүлж эхлээд байна. Уг төлөвлөгөөнд бэлчээрийн сэлгээний асуудлыг малчдын оролцоонд тулгуурлан хийх, хэрэгжилтэнд хяналт тавих чиглэлийг тодруулж өгсөн. 2007 оны 4-р сарын 17-20-ны өдрүүдэд Төв аймгийн Өндөрширээт суманд аймгуудын газрын албадын бэлчээр хариуцсан мэргэжилтнүүдэд зориулан сургалт явуулсан ба сургалтад оролцогсод нутагтаа очоод сумдын газрын даамлуудад бэлчээр ашиглалт, хамгаалалтын чиглэлээр заавар зөвөлгөө өгөх юм.

Сумын газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөө боловсруулах арга зүй

Газрын харилцаа, геодези, зураг зүйн газартай хамтран "Сумын газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөө" боловсруулах аргачлалыг боловсруулав.

Уг арга зүй нь малчдын олон жилийн бэлчээр ашиглалтын туршлага, тэдний оролцоонд тулгуурлан бэлчээр ашиглалтын хэсгийн зохион байгуулалтыг ашиглан газар зохион байгуулалтын төлөвлөлтийг цогц байдлаар боловсруулж бэлчээрийг урт хугацаанд үр дүнтэй, тогтвортой ашиглах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдэж байгаа юм.

Бэлчээр ашиглалтын хэсэг бий болсоноор малчид зохион байгуулалттайгаар бэлчээр, газар нутгыг ашиглаж байгаа бусад оролцогчидтой зөвшилцөх, бэлчээр ус, ой модоо хамгаалах үйл ажиллагаанд оролцох бодит боломж бүрдэж байгаа юм. Хамгийн гол нь тус төлөвлөгөө нь иргэдийн оролцоонд тулгуурлаж байгаа тул сум, орон нутгийн хүмүүс хоорондоо өрсөлдөн бэлчээр газар нутгаа сүйтгэн доройтуулах бус түүнийгээ хайрлан хамгаалж үр ашигтай ашиглах нь тэдний ирээдүйн амьжиргааны эх үүсвэр нь баталгаатай болж байгаа гэдгийг ойлгож ажиллахад чухал ач холбогдолтой юм.

"Сумын газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлгөө"-г боловсруулах аргачлал ГХГЗЗГ-ын даргын 2006 оны 6 сарын 30-ы өдрийн 131 тоот тушаалаар батлагдсан бөгөөд тус аргачлалыг тодорхой сумдад туршин хэрэгжүүлэхээр 2 тал хамтран ажиллаж байна.