Холбооны танилцуулга


Монголын Бэлчээрийн Менежментийн Холбоо нь манай орны газар нутгийн 70 гаруй хувийг бүрдүүлж буй бэлчээр нутгаа зөв зохистой ашиглах, хамгаалахад бэлчээрийн салбарын бүхий л оролцогч, сонирхогч талуудыг холбох гүүр байгууллага юм.

Тус холбоо нь эртнээс уламжилсан малч ухаан, арга туршлага, судалгаа шинжилгээний бүтээл, гарын авлагыг сонирхогч талуудад бүтээлчээр хэрэглэх, үр өгөөжийг нь хүртэхэд, арга зүйн болоод мэргэжлийн зөвлөгөө өгч, зөв зүйтэй үүсгэл санаачлагыг дэмжин дэлгэрүүлдэг.

Бэлчээрийн менежментийн чиглэлээр суралцаж, ажиллаж, судалгаа шинжилгээ хийж байгаа, Монгол орны бэлчээрт санаа зовнигч хэн бүхэнд тус холбооны гишүүнчлэл нээлттэй. Гишүүнчлэлийн асуудлыг тусгай журмаар зохицуулдаг.

Эрхэм зорилго:

МБМХ нь нутаг дэвсгэрт тулгуурласан малчдын өөрийгөө удирдах байгууллагын тогтолцоог бий болгон чадавхижуулж, оролцогч, дэмжигч талуудын үйл ажиллагааг дэмжин тусалж, уялдуулан зохицуулснаар Монгол улсын бэлчээрийн тогтвортой менежментийг төлөвшүүлнэ.

Алсын хараа:

Эрүүл бэлчээр - Баталгаат амьдрал

Зорилтууд:

  • Бэлчээрийн менежменттэй холбогдсон төрийн бодлого, хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгоход чиглэсэн санал, зөвлөмж боловсруулах ажлыг оролцогч талуудын оролцоонд тулгуурлан зохион байгуулж, төрийн холбогдох дээд байгууллагад тухай бүр уламжилж, тэдэнтэй хамтран ажиллах;
  • Бэлчээрийг зохистой ашиглах, эзэмших, хамгаалахад чиглэгдсэн малчдын хамтын үйл ажиллагааг дэмжиж, тэдэнд арга зүй, менежментийн зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлэх;
  • Малчдын хэсэг, бүлэг, нөхөрлөл, холбоодын үүсгэл санаачлагыг дэмжиж, бэлчээрийн хамтын менежментийн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг орон нутгийн удирдлагатай хамтран зохион байгуулах;
  • Бэлчээрийн менежмент, экологийн боловсрол олгох, малчдын орлого нэмэгдүүлэх, амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр тэдэнд зориулсан сургалтын хөтөлбөр боловсруулж, сертификаттай сургалт явуулах, хялбарчилсан мэдээ, мэдээлэл, материал бэлтгэж, дэлгэрүүлэн түгээх ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;
  • Малчдын эрх ашгийг хамгаалах сайн дурын байгууллага, нийгэмлэг, нөхөрлөл, холбоог дороос үүсгэн байгуулахад арга зүй, холбогдох мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах;
  • Бэлчээрийг урт хугацаанд тогтвортой, үр ашигтай ашиглах боломж, нөхцөл, менежментийн бодлогыг тодорхойлоход чиглэгдсэн судалгаа шинжилгээний ажлыг салбарын эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор хийж, үр дүнг төрийн болон холбогдох байгууллагад тайлагнаж, сурталчилан таниулж байх;
  • Бэлчээрийн нэгж талбар дахь малчин өрх, малчдын холбоо, хэсэг, бүлэг, нөхөрлөлийн орлогыг нэмэгдүүлэхэд гадаад, дотоодын төсөл, хөтөлбөрийн дэмжлэг туслалцааг чиглүүлэхэд анхааран ажиллах;
  • Бэлчээрийн менежментийн өнөөгийн чиг хандлага, бэлчээрийн төлөв байдлын талаархи судалгаа шинжилгээний ажлын үр дүнг нийтэд хүртээмжтэй болгох, бэлчээр сайжруулах шинэ технологийг сурталчлан таниулах зорилго бүхий “Бэлчээр-Ногоон Алт” сонинг тогтмол гаргах ба цаашид энэ чиглэлээр сэтгүүл гаргахад бэлтгэх;
  • Олон улсын ижил зорилготой байгууллагуудтай холбоо тогтоон хамтран ажиллах;
  • Бэлчээр судлалын эрдэмтэд, судлаачдын судалгааны ажлыг хөхүүлэн дэмжиж мэргэжлийн хувьд өсөж дэвжихэд нь туслалцаа үзүүлэх.