Надад олон шинэ санаа бий
Төв аймгийн Өндөрширээт сумын “Түмэн мал” Сумын бэлчээр ашиглагчдын холбоо (СБАХ) -ны тэргүүн Цэвэлмаагийн Оюуны тухай энэхүү түүх Швейцарийн хөгжлийн агентлагийн Берн дахь төвөөс жил бүр олон улсад гаргадаг эмхэтгэлд 2011 онд хэвлэгдсэн юм.
Ц.Оюун (48) гэрлэсэн, нэг хүүтэй, Өндөрширээт суманд ажиллаж амьдардаг.
Социалист нийгэм нурсны дараа бидний амьдралд хүчтэй өөрчлөлт орсон юм. Учир нь нэгдэл задарч ажилчдаа халсны дараа бидэнд 2 үнээ, 20-30 хонь ямаа л хувьчлагдаж бид буцаад урьдны нүүдэлчин амьдралаар амьдрах болсон.
Шинэ амьдралаар амьдраад арваад жил өнгөрсний дараа бидний ч бас бусдын ч мал өссөн. Малын тоо өссөнөөр бэлчээрийн даац хэтрэхээс гадна өөр олон асуудлууд дагуулсны нэг нь бэлчээртэй холбоотой малчдын хоорондох хэрүүл маргаан байв. Урьд бол бэлчээрийг улсын хяналтан доор маш сайн зохион байгуулалттай ашигладаг байлаа.
2002 оны өвөл хүнд зуд болж бид бараг бүх малаа алдсан ч азаар бидэнд 30 шуудай төмс үлдсэн юм. Зудын дараах зун хуурай байсан ч бид суулгасан 30 шуудай төмсөө 300 болгож чадсан бөгөөд түүгээрээ хэдэн ямаа сольж авсан. Одоо манайх 700 гаруй толгой малтай.
Дөрвөн жилийн өмнө манай суманд Швейцарийн Хөгжлийн Агентлагийн “Ногоон Алт” төсөл хэрэгжиж эхэлснээр СБАХ байгуулагдаж бид ч бас даруйхан гишүүнээр нь элссэн билээ. Дараа жил нь би өөрөө СБАХ-ны тэргүүн болсон байлаа. Урьд нь хэзээ ч гар утас, компьютер хэрэглэж байгаагүй миний амьдралд энэ нь маш том өөрчлөлт оруулсан юм.
Ингээд би малчдыг Бэлчээр Ашиглагчдын Хэсэг (БАХ) -т нэгдэхийг уриалж ухуулж эхэлсэн ч тун удалгүй зөвхөн бэлчээрийг зохион байгуулалттай ашиглалаа гээд малчид бидэнд тулгамдаж байгаа асуудлууд цөөрөхгүй байгааг ухаарсан юм. Бидэнд юуны түрүүнд орлогоо нэмэгдүүлэхийн тулд дамжлагагүйгээр өөрсдөө шууд зах зээл дээр бараа бүтээгдэхүүнээ борлуулах хэрэгтэй байснаас үүдээд “Ширээт хөгжил” хоршоогоо анх байгуулсан. Одоогоор манай сумын 200 гаруй иргэн гишүүнээр элсэн орсон ба хоршоо маань гурван хүнийг бүрэн ажлын байраар хангаж, 16 хүнийг хагас цагаар ажиллуулж байна. Би хоршоондоо зах зээл дээр ажил олох боломжгүй байдаг эмэгтэйчүүдээс голчлон ажилд авдаг.
Эхэндээ манай хоршоо мах, ноос, ноолуур зах зээлд нийлүүлж байлаа. Энэ маань бидэнд хангалтгүй байснаас удалгүй сүү боловсруулах цех байгуулж зөвхөн эхний жилдээ 2 сая төгрөгийн ашигтай ажилласан. Энэ жил Улаанбаатарт зохион байгуулагдсан “Агро-Экспо” үзэсгэлэн худалдаанд бидний үйлдвэрлэж байгаа эсгий гутал шагнагдсан юм. Энэ бүтээгдэхүүнээсээ бид сар бүр 100 гаруй хосыг Орос ба Япон улсууд руу экспортолж байна. (Ямар бахархалтай үйлс вэ?)
Бид амжилтандаа тулгуурлан цаашид үйлдвэрлэлээ өргөжүүлэх зорилгоор Улсын жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангаас 45 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан байгаа. Надад олон шинэ санаа, мөрөөдөл байгаагаас хамгийн гол нь хүмүүсээ ажилтай бас хангалттай орлоготой байлгах явдал юм. Би шинэ санаануудаа биелүүлэхийн төлөө мөн ажлын байраа хадгалахын төлөө чармайн ажиллаж байна.