Ногоон алт төслийн 3-р үе шатны баримт бичигт гарын үсэг зурлаа
Швейцарийн Хөгжлийн Агентлагийн (ШХА) буцалтгүй тусламжаар санхүүжүүлэн 2004-2009 онд хэрэгжүүлсэн “Ногоон Алт” Бэлчээрийн Экосистемийн Удирдлага Төслийн I үе шат амжилттай хэрэгжиж энэ оны сүүлээр дуусгавар болох юм.
ШХА-аас төслийн үйл ажиллагаа амжилттай хэрэгжсэн болохыг дүгнээд эхний үе шатанд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны хүрээг өргөтгөн бусад аймаг, сумдад нэвтрүүлэхийн тулд төслийн III үе шатыг 2010-2012 он хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Төслийн III үе шатыг Монголын Бэлчээрийн Менежментийн Холбоо ТББ-аар дамжуулан хэрэгжүүлэхээр болсныг баталгаажуулан Монгол Улсын Засгийн Газрыг төлөөлөн ХХААХҮЯ, СЯ болон ШХА гэсэн 3 талын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо.
Төслийн үйл ажиллагаа эхний шатанд Архангай аймгийн Ихтамир, БаянӨлгий аймгийн Цэнгэл, Дундговь аймгийн Өлзийт, Завхан аймгийн Тэлмэн, Төв аймгийн Өндөрширээт суманд хэрэгжсэн бол ирэх жилүүдэд Завхан аймгийн бүх сум болон баруун бүсийн 6 аймгийн нийт 40 суманд хэрэгжихээр боллоо.
Түүнчлэн Монгол орны бэлчээрийн төлөв байдлыг судлах, хяналт үнэлгээ өгөх нэгдсэн системийг бүрдүүлэх зорилгоор эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, мэргэжлийн байгууллагууд, бусад төсөл хөтөлбөрүүдтэй, бэлчээрийн доройтлын шалтгааныг тогтоох, бэлчээрийг хамгаалах, нөхөн сэргээх арга замыг олон нийтэд таниулж мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр хэвлэл мэдээллийн байгууллага, төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах юм.