Хууль эрх зүйн орчин
Хэдийгээр газар нутгийн ихээхэн хэсгийг бэлчээр эзэлдэг ч төрийн зүгээс бэлчээрийн талаар баримтлах бодлого сул, газрын холбогдолтой хууль эрхзүйн бичиг баримтууд өнөөг хүртэл хоорондоо зөрчилдөөнтэй хэвээр байна.
Газрын асуудлыг бодлогын түвшинд авч үзэн, малчид, олон нийтийн санал зөвлөмж дээр үндэслэн хууль эрхзүйн орчныг тодорхой, амьдралд хэрэгжихүйц, нэг чигтэй болгох шаардлагатай байгаа юм.
Энэ чиглэлээр “Ногоон Алт” хөтөлбөр тодорхой ажлуудыг хийж байна. 2006 оны 3-р сард “Бэлчээрийн менежментийг боловсронгуй болгох асуудлууд” – онол үйлдвэрлэлийн бага хурлыг зохион байгуулж, бүх шатны төлөөллийг оролцуулан, бэлчээрийн асуудлуудыг олон талаас нь авч үзэн, санал бодлоо солилцон, шийдвэрлэх боломж, арга замыг хамтран хэлэлцэв.
Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн цагаасаа бэлчээр зүй зохистой ашиглах, хамгаалах, бэлчээрийн менежментийг боловсронгуй болгох эрхзүйн орчныг сайжруулах талын олон хэлэлцүүлэг маргаан, телевизийн ярилцлага, нэвтрүүлэг зэрэгт оролцон, санал бодол солилцож байна. Энэ тал дээр холбогдох байгууллага, бусад төсөл хөтөлбөрүүдтэй уялдаа холбоотой ажиллаж байна. Мөн ӨМӨЗОрны Нутаг бэлчээрийн хууль (1982 оны), Байгаль орчны байнгын хорооны хүсэлтээр БНХАУ-ын “Тал хээрийн бүсийн тухай” 2002 оны хуулийг мэргэжлийн хүнээр орчуулуулж, хууль болосвруулагчид, олон нийтийн хүртээл болголоо.
2007 онд УИХ-ын Байгаль Орчин, Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байнгын Хороо, Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яам, Газрын Харилцаа, геодези, зурагзүйн газар, аймгуудын Засаг даргын тамгын газар, “Ногоон Алт” хөтөлбөр хамтран Бэлчээрийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг 6 аймагт явуулж, орон нутаг, ард иргэд, малчдын санал авч, УИХ-д өргөн барьсан бөгөөд хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөгдөөд байна.