Холбооны түүх
МБМХ-ны алсын хараа: “ЭРҮҮЛ БЭЛЧЭЭР – БАТАЛГААТ АМЬДРАЛ”
МБМХ-ны эрхэм зорилго: “МБМХ нь нутаг дэвсгэрт тулгуурласан малчдын өөрийгөө удирдах байгууллагын тогтолцоог бий болгон чадавхижуулж, оролцогч дэмжигч талуудын үйл ажиллагааг дэмжин тусалж, уялдуулан зохицуулснаар Монгол улсын бэлчээрийн тогтвортой менежментийг төлөвшүүлэх” болно.
Монгол оронд бэлчээр зохион байгуулалтын уламжлалт горим алдагдаж, бэлчээр судлалын ажил зөвхөн гадны хандивлагчид, судлаачдын санхүүжилтээр хийгдэн, төрийн бодлого, эрхзүйн зохицуулалт үгүйлэгдэн, бэлчээртэй холбоотой бүхэн эзэнгүйдэж байгаад санаа зовнисон хэсэг нөхөд санаачлан 2007 онд Монголын Бэлчээрийн Менежментийн Холбоог үүсгэн байгуулсан билээ. Цөөн нөхдийн санаачлан байгуулсан энэ байгууллагын үйл ажиллагааны цар хүрээ өргөжин тэлж, өнөөдрийн байдлаар Судалгаа технологийн, Хамтын нийгэмлэгийн хөгжлийн, Сургалт, мэдээлэл сурталчилгааны болон Захиргаа, санхүүгийн гэсэн 4 нэгжтэй, 30-аад ажилтантай, гадаад, дотоодын зөвлөхийн багтай, өөрийн эзэмшлийн ажлын байртай болон бэхжиж, цаашид урт хугацаанд, тогтвортой үйл ажиллагаа явуулах зорилго, төлөвлөгөөтэй ТББ болон ажиллаж байна. Манай холбоо Монгол орны 10 аймгийн 67 суманд малчдын өөрөө удирдах байгууллагыг үүсгэн бэхжүүлэх чиглэлээр, үндэсний хэмжээнд бэлчээрийн мониторингийн үндэсний сүлжээг бэхжүүлэх чиглэлээр гадаад, дотоодын хандивлагчид, эрдэм шинжилгээний байгууллагууд, Төрийн болон ТББ-уудтай хамтран ажиллаж байна. Тухайлбал:
- 2008 онд ШХА-тай гэрээ байгуулан Ховд аймгийн 10 суманд бэлчээрийн менежментийн төсөл хэрэгжүүлсэн,
- Дэлхийн Бэлчээр судлалын их хурлын дараах аяллыг Монгол оронд зохион байгуулсан,
- ХХААХҮЯ-ны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаатай хамтран Хэрлэнбаян Улааны отрын бүс нутгийн бэлчээр зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулсан,
- 2009 онд БОАЖЯ-ны харьяа УЦУОШГ-тай Монгол орны бэлчээрийн төлөв байдлын хяналтын тогтолцоо бүрдүүлэх чиглэлээр хамтран ажилласан,
- Үндэсний болон олон улсын эрдэмтэдтэй хамтран “Монголын малчдын амьжиргааны судалгаа” гэсэн нийгэм, эдийн засаг, экологийн цогц судалгаа гүйцэтгэн тайлан гаргасан,
- 2010 онд мөн ШХА-тай гэрээ байгуулан “Ногоон Алт” төслийн 2-р үе шатыг хэрэгжүүлсэн.
- 2009-2010 онд болсон зудын гамшигт өртсөн малчдад туслах “Зудын эрсдэлийг бууруулах тусламжийн төсөл” -ийг хэрэгжүүлсэн,
- УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, ХХААХҮЯ, Швейцарийн хөгжлийн агентлаг, Дэлхийн банкны "Тогтвортой амьжиргаа-II" төсөл, Монголын Мянганы Сорилтын Сангийн "Хот орчмын бэлчээрийн төсөл"-тэй хамтран "Бэлчээрийн хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох нь" сэдэвт үндэсний хэмжээний бага хурлыг зохион байгуулсан,
- “Айвенхоу майнз” компаний санхүүжилтээр Өмнөговь аймгийн Ханбогд суманд "Бэлчээрийн тогтвортой менежментийг төлөвшүүлэх төсөл" хэрэгжүүлж байна,
- 2011 онд Монголын Мянганы Сорилтын Сангийн санхүүжилттэй "Хот орчмын бэлчээрийн төлөв байдалд үнэлгээ өгөх судалгаа" эхлүүлсэн зэрэг ажлыг гүйцэтгэж байна.
2010 онд манай холбоо дүрэмдээ өөрчлөлт оруулан гишүүнчлэлтэй байгууллага болон өргөжлөө.
Монголын Бэлчээрийн Менежментийн Холбоог үүсгэн байгуулсан Хүндэт гишүүд:
Н.Лхагважав, С.Жигжидсүрэн, Д.Дорлигсүрэн, Ц.Энх-Амгалан, Маркус Дубах.
Манай холбоонд үйл ажиллагаа, зорилго чиглэл нэгтэй дотоод, гадаадын байгууллага, хувь хүмүүс гишүүнээр элсэж жил ирэх тусам эгнээгээ өргөжүүлж байгаа бөгөөд Монгол орны үнэт баялаг болох бэлчээрийг хойч үедээ өвлүүлэн үлдээх үйлсэд хувь нэмрээ оруулах сонирхолтой хэн бүхэнд гишүүнчлэл нээлттэй юм.