Үзэсгэлэн худалдаанд очсон нийслэлчүүд Ховд аймгийн брэнд болсон урианхайн хурс ааруул, сарлагийн тос, сарлагийн борц, сарлагийн сүүний нэрмэл, богийн тос, тавгийн хэвийн болон хурууд ааруулыг малчдын гараас хямд үнээр худалдан авч амт, чанарыг нь өндрөөр үнэлэв.
Ховд аймгийн Мөнххайрхан сумын “Уулсын хаан” Бэлчээр ашиглагчдын холбоо сумынхаа ИТХ, ЗДТГ-тай хамтран сүү, цагаан идээний үзэсгэлэн худалдааг Улаанбаатар хотод 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулав.
Үзэсгэлэн худалдаанд тус сумын 11 Бэлчээр ашиглагчдын хэсгийн гишүүн 13 малчин 1,8 т цагаан идээтэй оролцож, 1500 гаруй хүнд үйлчилж, 13 орчим сая төгрөгийн борлуулалт хийжээ.
Тус холбоо сумандаа хэрэгждэг гадаад дотоодын төсөл, хөтөлбөрүүд, орон нутгийнхаа удирдлага, малчид, иргэдтэйгээ хамтран ажиллаж, итгэлийг нь хүлээж эхлээд байна. Энэ удаагийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулах ажилд МБМХ, Швейцарийн хөгжлийн агентлагийн Ногоон алт төсөл, Мерси Корпс олон улсын байгууллага дэмжлэг үзүүлжээ.