Завхан аймгийн Нөмрөг сумын “Ангирт” БАХ-ийн малчин З.Эрдэнэчимэг хэсгийнхээ дундын сангаас 700 мянган төгрөгний зээл авч монгол гутал, гөлөм хийх өрхийн жижиг бизнесийн гараагаа 2010 оны 11-р сараас эхэлжээ. Гурван сарын дотор тэрээр 16 хос гутал, 15 гөлөм хийж борлуулаад зээлээ эргүүлэн төлж дуусахдаа 300 орчим мянган төгрөгний ашиг олсон байна. Амжилтандаа урамшсан эмэгтэй СБАХ-ныхоо туслалцаатайгаар өөрийн бизнесээ өргөжүүлэх төсөл бичиж орон нутгийнхаа банкинд ханджээ. Төсөл нь шалгарч 2011 оны 7-р сард 3,5 сая төгрөгний зээл авчээ.