Монголын Бэлчээрийн Менежментийн Холбоо, Ногоон Алт төслөөс жил бүр зохион байгуулдаг уламжлал тогтоод байгаа Малчдын үзүүлэх сургууль энэ жил Архангай аймгийн Их Тамир суманд 9 сарын 3-5-ны хооронд болж өнгөрлөө. Энэ жилийн сургууль “Малчнаас - Малчинд” гэсэн сургалтын загварыг туршиж үзсэн байна.

Ногоон Алт төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байгаа Их Тамир сумын Бэлчээр Ашиглагчдын Хэсгийн (БАХ) ахлагч-малчид сургагч багшаар ажиллаж, сургалтын танхимыг малчдын хотонд зохион байгуулж бодит амьралын жишээн дээр тайлбарлан үзүүлсэн нь их үр дүнтэй боллоо. Сургалтын сэдвүүд нь нийтийн эзэмшлийн бэлчээрээ хэрхэн хамтын төлөвлөгөө, зохион байгуулалттай ашиглах, доройтож байгаа бэлчээрийг зөв сэлгээ хийх, амраах замаар нөхөн сэргээх, ногоон тэжээл тариалах технологи, БАХ болон Сумын бэлчээр ашиглагчдын холбоо (СБАХ) -ны менежмент, зохион байгуулалт, малчдын бизнес хоршоо хэрхэн байгуулах, бэлчээр ашиглалтын гэрээг сумын удирдлагатай хийхийн давуу талуудын тухай байлаа. Энэ удаагийн сургалтад 9 аймгийн 66 сумын 250 гаруй БАХ болон СБАХ-ны тэргүүн оролцлоо.
 

Энэ жилийн сургалтын өөр нэг шинэлэг тал нь оролцогчид 4 багт хуваагдаж өөрсдийн хамгийн их туршлага хуримтлуулж, амжилт бүтээл гаргасан сэдвүүдээр үзүүлэх сургалт хийсэн явдал байлааҮүнд:

  • Завхан аймгийн баг “Малчдын байгалийн эрсдэлийг даван туулах чадварыг бэхжүүлэх нь” сэдвээр,
  • Ховд аймгийн баг “Аймгийн хэмжээнд бэлчээрийн нэгдсэн төлөвлөлт, хэрэгжүүлэлт”-ийн асуудлаар,
  • Баян-өлгий аймгийн баг “Бэлчээрийн дэд бүтцийг сэргээн босгож байгаа” сэдвээр,
  • Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Увс аймгийн нэгдсэн баг “Малчдын орлого, малын бүтээмжийг нэмэгдүүлэх” чиглэлээр үзүүлэх сургалт зохион байгууллаа.

Үзүүлэх сургуулийн гурав дахь өдөр Монголын Бэлчээрийн Менежментийн Холбооны анхдугаар их хурал болж Холбооны үндсэн хуулийг гишүүдээр хэлэлцүүлж баталлаа. Холбоонд нийтдээ 120 шинэ гишүүд элссэн байна.

Баян-өлгий аймгийн Алтай сумын БАХ-ийн ахлагч Д. Болормаа: “Энэ удаагийн сургалтын үеэр би олон хүнтэй танилцаж найз нөхөд боллоо. Их Тамир сумын малчид нэгдэж нийлэн, зохион байгуулалтад орсноор ямар их ажил амжуулсан нь надад үнэхээр гүн сэтгэгдэл үлдээлээ. Бүтэн жил ярих сонин, мэдээтэй нутаг буцаж байна даа. Манай сумын малчид энэ жишээгээр ажиллаасай гэж би хүсч байна.  Алс бөглүү газар байдаг учраас би тэр бүр сумаасаа гадагшаа яваад байдаггүй. Тийм болохоор энэ олон хүнтэй нэг дор уулзсан нь надад үнэхээр сайхан байна. Сургалтын үеэд явуулсан урлаг, соёлын арга хэмжээ надад их таалагдсан.