Малчид хамтран шийдвэр гаргаж доройтсон бэлчээрийг 6-11 сард малын хөлөөс бүрэн чөлөөлснөөр бэлчээрээ сайжруулж чадсан байна.

Завхан аймгийн Тэс сумын “Зосын ар” Бэлчээр ашиглагчдын хэсэг (БАХ) 2009оны 5-р сард байгуулагдсан бөгөөд нэг дор нутаглаж, дөрвөн улирлын бэлчээрээ хамтран ашигладаг 15 өрх энэ хэсэгт нэгджээ. Зосын ар уулын өвөрт байдаг өвлийн нөөц бэлчээр ихээр доройтоод байгаа талаар малчид хоорондоо ярилцдаг байжээ. Учир нь сүүлийн жилүүдэд хэсэг өрх энэ газар бүтэн жил нүүлгүйгээр нутаглаж, бэлчээрийг ямар ч хуваарьгүйгээр ашигладаг болсон байна.

БАХ-ийн анхны хурлууд дээр энэ хавийн бэлчээрийг 11-р сарын эхэн хүртэл малын хөлөөс бүрэн чөлөөлөх хэрэгтэй гэсэн саналыг ихэнх малчид гаргажээ. Зарим малчид энэ саналыг эсэргүүцэж байсан ч олонхийн шаардлага шахалтаар нүүхийг зөвшөөрсөн байна. Хэсгийн ахлагч хурлын протоколыг хөтөлж, гаргасан шийдвэрийг баталгаажуулан хуралд оролцсон малчдын гарын үсгийг зуруулж авчээ.

Хурлын шийдвэр ёсоор малчид зэрэг нүүж бэлчээрээ чөлөөлөх ёстой бөгөөд хуваарийн дагуу ээлжээр очиж шалгаж байхаар болсон байна. 2009 оны 6-р сард гаргасан уг хуваарийг мөрдөөд ганцхан жил өнгөрсний дараа тэр хавийн бэлчээр илт сайжирсныг харсан малчид бэлчээрээ хавар, зун, намрын улиралд байнга сэлгэж ашигладаг боллоо.

 

2009 оны 6-р сар                                                                                                                                                         2010 оны 6-р сар