МБМХ бэлчээр тэжээлийн чиглэлээр судалгаа хийдэг оюутан залуусыг чадавхижуулахын тулд хамтран ажиллах, харилцан туршлагаа солилцох боломжийг олгох зорилгоор "Бэлчээрийн залуу судлаачдын клуб"-ыг 2008 онд байгуулсан билээ.
Клубын гишүүд жил бүрийн эхний улиралд "Бэлчээрийн судалгаа-Шинэ үе" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж, оролцогчдын илтгэлүүдээр товхимол гаргадаг уламжлалтай болоод 3 жил болж байна.

Энэ удаагийн ээлжит бага хурал 2010 оны 3 дугаар сарын 17нд МБМХ-ны хурлын танхимд болж эрдэм шинжилгээний хүрээлэн, их дээд сургуулиуд, олон улсын төсөл хөтөлбөрүүдэд бэлчээр, тэжээл, хүрээлэн буй орчны чиглэлээр судалгаа хийдэг 40 гаруй оюутан, судлаачид оролцлоо.
Илтгэлүүдийг судлаачдын болон оюутны ангиллаар хэлэлцүүлэн шалгаруулахад МБМХ-ны судлаач Д.Бурмаа "Бэлчээрийн эрүүл мэндэд бэлчээрлэлтээс үзүүлэх нөлөөг бүс бүслүүрээр судалсан дүнгээс" сэдэвт илтгэлээр, оюутны ангилалд ХААИС-ийн Байгалийн Ухааны Сургуулийн магистрант Н.Хэрлэнтуул "Тэжээлийн олон наст ургамлыг тарих тохиромжтой хугацаа" илтгэлээр тус тус тэргүүлэв.
Хуралд оролцогсдын судалгааны ажлын арга зүй, боловсруулалтын түвшин, илтгэх ур чадвар жил ирэх тусам мэдэгдэхүйц сайжирч байгааг шүүгчид онцолж байсан бөгөөд хүрээгээ улам тэлж байна.
Эхний 2 жилийн бага хуралд тэргүүн байр эзэлж байсан МБМХ-ны судлаач Б.Болормаа, олон улсын 400-аад судлаачдаас шалгарч Франц улсад болох олон улсын залуу судлаачдын хуралд Монгол улсаа төлөөлөн оролцож "Доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх арга" сэдвээр 6 жил явуулсан судалгааны ажлынхаа үр дүнгээр илтгэл хэлэлцүүлээд ирлээ.