Ногоон алт хөтөлбөр, Өвөр Монголын Хөх хотын Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран явуулсан 2 жилийн судалгааны ажлын дүнг хэлэлцэх олон улсын семинарыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
2007, 2008 онд Монгол, ӨМӨЗО-ны хил залгаа орших мал аж ахуйн уламжлалт технологи, малчдын амьдралын хэв маяг мөн байгалийн нөхцөл ч нэн төсөөтэй 8 сум, хошуу ба баг, гацааны бэлчээрийн хөрс, ургамлан нөмрөг, мал аж ахуй, малчдын нийгэм, эдийн засаг, бэлчээрийн харилцааны эрх зүйн орчныг харьцуулсан судалгааг мэргэжлийн томоохон баг бүрдүүлэн явуулсан юм.

Судалгааны үр дүнг хэлэлцэх олон улсын семинарыг 2009 оны 9-р сард Улаанбаатар хотноо зохион байгуулж, судалгаанд оролцсон багийн бүх гишүүд болон ӨМӨЗО, БНСУ-ын төлөөлөгчдөөс бүрдсэн 50 гаруй эрдэмтэн, судлаачид оролцлоо. Ингэснээр 1990-ээд оны үеэс ӨМӨЗО-ны бэлчээрийн эрх зүйн орчинд ихээхэн өөрчлөлт гарсан бол Монгол улсын хувьд бэлчээрийн мал аж ахуй эрхлэх уламжлалт аргаар бэлчээрийг нийтээр ашиглах хэлбэр өнөөг хүртэл хэвээр хадгалагдсаар байгаатай холбоотой гарсан давуу болон сул талыг тодорхойлох, үнэлгээ дүгнэлт гаргах, суралцах, сургамж авах боломжийг бүрдүүлэв.


