Завхан аймгийн Тэлмэн суманд "Ногоон Алт" хөтөлбөр 2005 оноос эхлэн хэрэгжиж байна. Энэ хугацаанд тус сум хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлын үр дүн, туршлага, сургамжаа хуваалцах зорилгоор 8-р сарын 3-5-ны өдрүүдэд үзүүлэх сургалт зохион байгууллаа.
Энэ арга хэмжээнд хөтөлбөр хэрэгжиж буй аймгуудын төлөөлөгчид, Завхан аймгийн 24 сум, Дэлхийн Банкны Тогтвортой амьжиргаа төсөл, орон нутгийн удирдлага, байгаль орчин, газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнүүд, малчдаас бүрдсэн 190 хүн оролцлоо.
Сургалтын үеэр нийт оролцогсод Тэлмэн сумын хамт олны бүтээн байгуулсан ажлууд болон бэлчээр, хадлан сайжруулах талаар амжилт олж буй зарим ажлуудтай газар дээр нь танилцсан юм.
Төрийн бодлого, гадаад, дотоодын төсөл хөтөлбөрүүдийн уялдаа холбоог орон нутгийн түвшинд сайжруулах, үр дүнтэй болгоход энэхүү сургалт семинар онцгой ач холбогдолтой боллоо гэж сургалтанд оролцогсод дүгнэн ярилцаж байсан бөгөөд ийм үр дүнтэй, өргөн олныг хамарсан ажлыг аль болох олон дахин зохион байгуулах нь зүйтэй гэсэн санал дэвшүүлж байв.
Монгол хүн "мянга сонсохоор нэг үз" гэдэг болохоор энд ирж нүдээр харсан зүйлээ өөрийн сум орныхонд танилцуулах, ийм төрлийн ажлуудын үүсгэл санаачилгыг эхлүүлэхэд хүчин чармайлт гаргахаа ч оролцогсод амлаж байлаа.
Хөтөлбөрөөс энэхүү арга хэмжээг 2007 оноос эхлэн жил бүр зохион байгуулах уламжлал тогтсон бөгөөд өнгөрсөн удаад Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын туршлагатай танилцаж байсан юм.